Баянзүрх дүүргийн 26-р хороо ‘Саруул’ хотхонд амралтын өдрүүдэд хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.Тус хорооллын есөн давхарт шөнийн 00.01 цагт гал гарсны улмаас 27 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэргийн дуулиан намжаагүй байтал тус хорооллын шинээр баригдаж буй барилгын есөн давхраас хүн унасан хэрэг мөн өдрийн 13:00 цагийн орчимд гарчээ.
Цагдаагийн байгууллагаас өндрөөс унаж амиа алдсан иргэний талаар “Баянзүрх дүүргийн 26-р хороонд дөрөвдүгээр сарын 22 -нд 13 цагийн орчимд “Барилга дээрээс хүн унаад босч ирэхгүй байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газар Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллаж, Улаанбаатар хотод оршин суух хаягтай 41 настай эрэгтэй Ч нь баригдаж буй есөн давхраас барилгын хог буулгах явцдаа унаж амь насаа алдсан болохыг хэргийн газарт хийсэн шинжилгээгээр тогтоосон” гэх мэдээллийг өгсөн. Тиймээс барилгын ажил эрхэлж буй компанийг ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулав.