Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт Улаанбаатарт +25 градус хүртэл дулаарах төлөвтэй байна гэж мэдээлэв. Урьдчилсан мэдээгээр энэ сарын 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орох юм байна. Салхи 25, 27-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.