Берлиний Боде музейд хадгалагдаж байсан Канадын алтан зоосыг Даваа гаригийн үүрээр хулгайд алджээ. Тус музейд дэлхийн хамгийн том зоосны цуглуулга байдаг.
Цагдаагийн газар Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнийн 02:00-04:00 цагийн хооронд сэжигтэй зүйл харсан хүмүүсийн мэдээллийг авч байгаа ажээ.
2007 онд Канадын зоосны үйлдвэрт дурсгалын зориулалтаар бүтээсэн энэ зоосыг 2010 оноос өнөөг хүртэл Германы музей зээлээр авч үзүүлж байжээ. Зоос нь 53 см диаметртэй, 100 кг жинтэй аж. Цул алтаар бүтээсэн зоосны нэг талд Британий хатан хаан Элизабет II-ын дүр байдаг бол нөгөө талд нь агч модны навч дүрслэгджээ.Зах зээл дэх үнэ алтны ханшийг тооцвол $4 сая хүрэхийг судлаачид баталсан байна.
“Агч модны том навч” нэртэй аварга зоосыг авахдаа хулгайч нар музейн арын цонхоор шат хэрэглэн нэвтэрсэн гэж цагдаа эхний байдлаар дүгнэжээ. Зоос сум нэвтрэхгүй шилэн хоргонд хадгалагдаж байсан гэнэ. Аюулгүй байдлын үүднээс музейн хамгаалалтын талаар илүү мэдээлэл өгөх боломжгүйг мөрдөгчид мэдээлсэн байна. Түүнчлэн хулгайд алдагдсан энэ зоос нь Геннисийн номонд бүртгэлтэй юм байна.