Өнөөдөр (2018.04.20) Нийслэлийн Хангарьд ордонд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл хамтарч “Эрүүл мэнд-Цахим бүртгэл сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудын “Цэргийн өвчтөний түүх” хадгалах программтай болсон гэдгийг онцлов.
Ингэснээр цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн мэдээллийн санг дүүрэг бүрт бий болгох юм. Нарийн мэргэжлийн эмч нар хорооны өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас түр чөлөөгдсөн иргэдийн мэдээллийг солилцох, өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчлэх, хүндэрсэн тохиолдолд улсын хэмжээнд авч үзэх зэрэг арга хэмжээг авах боломжтой болж байна.
Энэ программыг ХУД-т хоёр жилийн хугацаанд амжилттай туршжээ. Үүнийг нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжлүүлснээр эрүүл мэндийн төв дээр асар олон өөрчлөлт гарна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ. Ингээд тус дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын тоо бүртгэлийн офецор дэд хурандаа Ш. Баярмагнайтай цөөн хором ярилцлаа.
– Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн мэдээллийн сангийн давуу тал нь юунд байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ программыг ашиглаж эхэлснээр цэрэг татлагаар ороод ямар нэг өвчний улмаас чөлөөлөгдөж байгаа иргэдийг программын тусламжтай үзэж, өмнө нь ямар өвчний оноштой байсан, ямар өвчлөлөөр эмнэлэгт хандаж байгаа зэргийг мэдэх боломжтой. Тухайн хүний өмнөх хууч өвчин нь эдгээгүй байх үед дахин нэг өөр онош илрэх нь бий. Тухайлбал, өмнө нь чих хамар хоолой нь өвдсөн байлаа гэхэд үүнийг прогорамм дээр бичээд хадгална гэсэн үг. Өвчтөний түүхийг программын тусламжтай бий болгож байна.
– Эрүүл мэндийн асуудал дээр цэргүүдийг тийм өвчлөлтэй гэдгийг оношлоод гаргаад ирсэн тохиолдолд ямар арга хэмжээг авах вэ?
-Программ дээр бичигдсэн иргэний өвчлөлийг гаргаж ирснээрээ цаашдаа өрхийн эрүүл мэндийн төв, нарийн мэргэжлийн эмч нар цаашлаад манай цэргийн штабууд тухайн хүн ямар өвчлөлөөр олон удаагийн цэргийн албанаас хойш сууж байгааг мэдээд арга хэмжээ авах боломжтой. Тухайлбал чих хамар хоолойг өрхийн эмнэлэгийн хэмжээнд эмчилж чадахгүй байгаа бол дүүргийн хэмжээнд эмчлэх арга хэмжээг авна гэсэн үг.
-Энэ программ өвчитний түүхийг хэдэн жилийн хугацаанд хадгалах боломжтой вэ?
-Иргэдийн өвчитний түүх хичнээн жил хугацаа өнгөрсөнч архивлагдаад үлдэнэ. Тэр хүний мэдээллийг овог нэрээр нь хайгаад ороход хэдэн удаа орж, ямар өвчлөлөөр хэдэн удаа чөлөөлөгдсөн гэдэг нь тодорхой гараад ирнэ. Хамгийн сүүлд энэ хүн эрүүл болж тэр цэргийн ангид алба хаасан гэдэг нь гараад ирдэг. Тиймээс иргэд цэргийн үүрэгтний албанаас ямар нэг худлаа онош гаргаж бултах боломжгүй болж байна.
-Залуучуудын дунд ямар өвчлөл их байдаг вэ?
-Цэргийн насны залуучуудын хувьд бол арьс харшил, чих хамар хоолой, нүдний өвчлөл ихэвчлэн зонхилж байна.