Эзгүй хэд хоног яваад ирсэн чинь эрхэм гишүүн, экс сайд Ж.Мөнхбат хэд хоног чимээгүй байж байгаад хэвлэлийнхнийг цуглуулж сүржин гээч мэдэгдэл хийжээ. Манийгаа ч шүүхэд өгөхөө хэлж…
Нэгэнт шүүхэд очих юм хойно үйл явдлыг, шийдвэрийн огнооны давхцлыг, зөвлөмж нь очиж амжаагүй байхад шийдвэр нь гарсныг, шийдвэр гарсан өдөр нь шүүх хуралдаад хэрэгсэхгүй болгосныг нуршаад ч яахав.
Интернетийн транзит үйлчилгээ гэдэг нь “агаарын навигаци”-тай адил мөнгө, төсөв төвлөрүүлэх боломжтой, үндсэндээ Европ, Ази дамнасан маш чухал үйлчилгээ. Дээр нь хувь хүний, байгууллагын, улсын нууц…
Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа интернетийн транзит үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 99% гадаадын эзэмшилтэй компанид маш “но”-тойгоор олгочихоод түүнийгээ “гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашиг”-ийг хамгаалж байна гэж яриад сууж байгаа яруу найрагчтай нээрээ ч юу ярих билээ дээ…
“Сайн ч, муу ч” Тусгаар улсын мэдээлэл, хэвлэл, харилцаа, холбооны гол судсыг гадны компанид өгчихсөнөө мэдэж байгаа болов уу, энэ нөхөр?
Өөрийнх нь ярьснаар Япон улсын Элчин сайд, мань хүнд хандаж; тэгээд л шийдэж. (Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж зөвлөмж өгсөн, тэрийг заавал биелүүлэх албагүй гэнэ. Тэгвэл яах гэж ч зөвлөдөг юм?)
Мөнхбатаа чи “баавгай”-н тал уу, манай тал уу. (Ийм хэллэг байдгийг “яруу найрагч” хүн эрх биш ойлгох биз…)
За энэ мэтийг тэртээ тэргүй хүмүүс ойлгож байгаа болохоор орхизноё.
Гадаад айлчлалынхаа үеэр бололтой гараа кармандаа хийчихсэн “таахалзсан” зургууд энд тэнд харагддаг л байсан. Бодвол очсон орныхоо сайд дарга нартай уулзаж байсан биз. Нөгөө үнэтэй цагнуудаа зүүсэн л байж таараа. Гадныхан чамайг ямар их шоолж, Монгол Улсыг, Монголчууд биднийг ямар их өрөвддөг байсан бол? Нэг нь л 100,000 $-ын үнэтэй юм гээ биздээ? Хариуцлагатай хүний үг шүү…
Энэнийхээ учрыг ч нэг шалгуулаад, учир начраа мэдэгдчихмээр байна.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа 268,000 тн нүүрс ор тас алга болсон тухай, хулгайчийг барина гэж мэдэгдсэнийг баахан л шуугилаа.
Гурилын хулгай, нүүрсний хулгай хоёр баригддаг юм гэнэ лээ. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд асан та ийм юм болж байсныг “мэдэхгүй” л байсан уу? Ерөнхий сайд хэлсэн юм чинь эрх биш “учир” нь олдох биз.
Миний хувьд элдэв шуугианд таатай ханддаггүй, оролцох дургүй ч чиний мэтийн төрд шургалсан “хулгайч” нарт бол хэлэхээ хэлж, дэлгэхээ дэлгэнэ гэдгээ харин хэлчихье.
Ер нь чиний тухай мань мэт битгий хэл ЕТГ-ын дарга З.Энхболд тэр байтугай танай намынхан ч ил далд ярьж л байгааг мэдэж байгаа юу?
Сэтгүүлч Мянганбуугийн Наранбаатар