Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт цасан шуурга дэгдсний улмаас дөрвөн настай хүү сураггүй алга болжээ. Хүүг оройн 16 цагаас эхлэн маргааш өдөр болтол тасралтгүй хайсны эцэст эсэн мэнд олсон байна.
Хүүтэй банхар нохой цуг байсан гэнэ. Нохой түүнийг гэдсэндээ яг л гөлөг арчилж буй мэт хумин ороосон байсан бөгөөд осгосон шинж тэмдэг нэг ч олдоогүй байна. Онцгой байдлын аврах багийнхны машины дууг сонссон Банхар нохой хуцан чимээ өгснөөр тэднийг олсон ажээ.
Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг бөгөөд Оросын эрдэмтэн Егорская гэх эмэгтэй манай улсад ирж судалгаа хийнгээ аймаг бүрээс монгол ноход сонгон авч Санкт Петербург хотын ойролцоох төвдөө аваачин үржүүлж байгаа ажээ.
Тэрээр Монгол нохдын цусыг Бельгийн цусны төвд шинжлүүлж үзэхэд чонын DNK илэрч, монгол нохой чонотой адил үзүүлэлттэй гарсан нь Монгол Банхар хүмүүний гаршуулсан нохойны анхдагч болохын нэг баталгаа болж байгаа юм. Хятадын зарим эрдэмтэд ч Монгол нохой дэлхийн бүх нохойны угшил хэмээн үздэг ажээ.