Боловсролоос илүү суурь хүмүүжил чухал болсон цаг үе

Амьдрал гэдэг тэр чигээрээ хариуцлага. Аливаа хариуцлагын цаана тухайн хүний суурь хүмүүжил, төлөвшил оршин байдаг. Иймээс хүүхдийг хүнлэг ёс, хүний мөс чанар, хүнийг хайрлах, энэрэх сэтгэл нь ямар ч өндөр боловсролоос илүү чухал гэдгийг бага балчир наснаас нь ойлгуулж мэдрүүлэх нь багш, эцэг эхчүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн эрхэм чухал үүрэг байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил.
Өнөө үед энэ үүргээ умартсанаас хүн чанаргүй, ёс суртахууны доголдолтой иргэд бий болж байгааг манай нийгэмд гарч байгаа олон сөрөг үзэгдлүүд нотолж байна. Тухайлбал олон нийтийн сүлжээ, телевизээр гарах бага насны хүүхдүүд хохирогч болсон тухай байнга л ярьдаг. Үүний эсрэг авч байгаа арга хэмжээнд даанч ховор. Харгис хэрцгий гэмт хэрэг, танхай, хүнлэг бус үйлдлүүд нь нийгэмд ямар их хор уршиг дагуулж байдгийг бид бүхэн мэддэг.
Өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл, сэдлийг өсвөр насныханд төрүүлнэ. Хүнийг хүншүүлж, нийгэмшүүлэх төрийн бодлого юм.
Ийм үед нийгмийнхээ хөгжлийг дагаад маш өрсөлдөөнтэй болсон энэ цаг үед боловсролоос дээгүүрт тавигдах хүн чанар, хүмүүжлийн суурийг одооноос үр хүүхдүүддээ олгох эрхэм үүрэг өнөөгийн эцэг эхчүүдэд хариуцлагатайгаар оноогдов.
Хүүхэд гэр бүлийн тусгал гэдэг. Өнөөдөр хүүхдэд багаас нь эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ ёс суртахууны хүмүүжил олгох нь эн тэргүүний зорилт болоод байгаа юм.
Өнөө цагт иргэн хүнийг бага балчир наснаас нь эхлэж ёс суртахууны хүмүүжил олгож төлөвшүүлэх талаар бодитой ажил үгүйлэгдсээр байна. Тухайлбал, цэцэрлэг, бага ангиас нь хүнийг хүндлэх, энэрэх, хайрлах талаар онцгой анхаарч хүмүүжүүлэх ажил орхигдсон гэж болно.
Хүмүүжлийг хүүхэддээ, сурагч нартаа олгох ёстой багш, эцэг эхчүүдийг сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга зүйд сургадаг уламжлалт болон хөгжилтэй орны туршлагыг амьдралд хэрэгжүүлэх ажил чухал юм.