Хүүхдийн хөгжил бага наснаас нь эхэлдэг гэдгийг эцэг эхчүүд мэддэг ч чухам яаж нялх балчираас нь оюун ухааныг нь хөгжүүлж, хүмүүжил сайтай хүн болгохоо тэр бүр мэддэггүй.
Бяцхан үрсдээ цаг гаргаж ярилцдаг айлын хүүхэд хоёр настайдаа дунджаар 433 үгээр өөрийгөө илэрхийлж чаддаг бол чимээгүй ноёлсон айлд хүүхэд нь ердөө 169 үг л сурсан байдаг аж.
Хүүхэдтэйгээ тогтмол амьд харилцаа үүсгэх тусам бяцхан үрийн тань үгсийн сан баяжиж, хожим юм ойлгож тогтоох, сурахдаа амархан, ухаантай хүүхэд болдгийг судалгаагаар баталжээ. Ингэснээр хүүхдийн хэл ярианы хөгжил болоод ухамсар, сэтгэн бодох чадвар бусдаасаа өөр байгаа нь бүр хоёр наснаас эхлэн мэдэгддэг.
Мэдээж, үр хүүхэдтэйгээ харилцдаггүй ярьдаггүй эцэг эх гэж байхгүй. Хүн бүр хүүхдээ эрхлүүлж, өхөөрдөж, харилцан ярилцдаг. Бид алхам тутамдаа ашигладаг үг хэллэгээсээ эхлээд өөрсдөө ч мэдэлгүй хүүхдүүдээ “хүмүүжүүлчихдэг”.Заримдаа өхөөрдөж янз янзын үг хэллэг зааж өгдөг. Энэ нь буруу юм. Хүний ярианы хандлага, өнгө аясаас хүүхдийн үгсийн сан хүртэл хамаардаг гэнэ. Тэгж болохгүй ингэж болохгүй гэхээс илүү аливаа зүйлийг тайлбарлаж өгөх нь чухал юм.