Японы Ерөнхий сайд Шинзо Абэг огцрох тухайгаа тус улсын Ерөнхий сайд асан Жюнъитиро Коизуми илэрхийлжээ. Учир нь улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор нэр хүнд унасан байна.
Энэ тухай тэрбээр хэлэхдээ “Нөхцөл байдал тун аюултай болоод байгаа. Ш.Абэ парламентын чуулган хаагдах үед огцорч магадгүй (парламентын чуулган 6 дугаар сарын 20-нд дуусна). 9 дүгээр сард болох Либераль ардчилсан намын тэргүүний сонгуульд Ш.Абэ гурав дахь удаагаа сонгогдож чадахгүй. Энэ нь ирэх жил болох парламентын дээд танхимын сонгуульд нөлөөлнө” хэмээн Ж.Коизуми “AERA” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Токио хотод өнгөрсөн бямба гарагт “Абэ огцор!”, “Энх тайвны төлөө!” гэсэн уриан дор болсон цуглаанд 50 мянган хүн оролцжээ. Харин дараагийн өдөр нь Ш.Абэ тэргүүтэй Японы засгийн газарт өгөх үнэлгээ 37 хувь болтлоо буурсан тухай “Киодо” агентлаг нийтэлсэн байна. Улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсантай холбоотой хуйвалдаанд Ш.Абэ болон түүний эхнэр Акиэ нар холбоотой байж болзошгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа мэдэгдэж байсан нь Ш.Абэгийн засгийн газарт өгөх үнэлгээ огцом буурч байгаагийн гол шалтгаан болоод буй.