Казахстан улсын Засгийн газрыг нэрийг барьж, Монгол Улсын иргэдийг “G-time” сүлжээнд элсүүлэн, залилж байсан этгээдийг цагдаа нар баривчилжээ. Тодруулбал, “G-time” сүлжээний захирал Ж.Марат гэгчийг энэ сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс баривчилж, Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, эхэлсэн байна.
Түүнд энэ сарын 10-ны өдөр хилийн хориг тавьсан байна. Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр нэвтрэн, нутаг буцсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Одоогоор сэжигтэн Ж.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг хууль, хяналтынхан битүүмжилжээ. Үргэлжлүүлэн хэчнээн иргэдийг санхүүгийн пирамидын луйврын аргаар хохироосон гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ж.Маратд Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тэгвэл Ж.Марат гэгч хэн бэ…
-“G-TIME Corparation”-ийн ерөнхийлөгч Жумагулова Жаннат Маулльсеитовна–
Түүний хувьд Казахстан улсаас үүсэлтэй “G-time” корпорацийн ерөнхийлөгч Жумагулвоеийн /үүсгэн байгуулагч/ төрсөн дүү нь гэнэ. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “G-time” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байжээ. Дараа нь дахин буюу 2017 оны нэгдүгээр сард Монголд ирээд байсан нь энэ аж.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ж.Марат 50 гаруй насны эрэгтэй юм байна. Тэрээр чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа Монгол иргэдэд хэлж байгаагүй аж. Зөвхөн “G-time” сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь “G-time” бол Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” хэмээн иргэдийг мунхруулдаг байсан гэдгийг “G-time”-д элсэж, мөнгөө алдсан иргэд ярьж байв.
Түүнчлэн “G-time”-ийн үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр иргэдэд мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байжээ. Улмаар элссэн иргэдээс 130 мянган төгрөгөөс хоёр сая 300 мянга хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттай авдаг байсан гэдэг.