Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох юм.
Нээлтийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгодог юм хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад зориулсан аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалт тавдугаар сарын эхний долоо хоногт болно” гэж онцоллоо.
Хөдөлмөрийн яармаг нь арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болж байна. Тус арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна.
Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэж байна. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар саруудад гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг билээ.
Тус арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ