”Маск” продакшны жүжигчид тусламж хүсэв

”Маск” продакшны залуу жүжигчид тусламж хүсчээ. Өнгөрөгч зун дуулиантай хурим найр хийж хэн бүхний сэтгэлийг хөвсөлзүүлээд авсан залуу жүжигчид бол Бямбадорж, Ариунчимэг нар. “Маск” продакшны уран бүтээлчид цахим ертөнцөд чамгүй алдартай бөгөөд сайхан хосууд хэмээн үнэлэгддэг тэд өөрсдийн дэмжигчдээсээ нэгэн зүйлийг аминчлан хүсжээ.
Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа оруулсан байх бөгөөд үүндээ: Сайн байна уу? Биднийг Бямбадорж Ариунчимэг гэдэг. Бид 2010 оноос өдийг хүртэл 84 мянган цахим сүлжээний найзуудтай болж та нарынхаа тус дэмийг олон ч удаа хүртэж явснаа яахан мартах билээ. Харин энэ удаа нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ өвдөг сөхрөн гуйж байна уучлаарай. Яагаад гэвэл та бүхэн эцсийн найдвар маань Дөнгөж хорвоод мэндэлсэн нялх дүү маань төрөлхийн гадагш байрласан давсагны гажигтай гэсэн оноштой буюу 100.000 мянгад нэг тохиолддог ховор өвчнөөр шаналж байна. Албан ёсны онош нь “bladder exstrophy” гэх бөгөөд зөвхөн мэс ажилбарын журмаар эмчлэх боломжтой.
Даанч манай Монголд хийгддэггүй. Дүү маань одоо Солонгос улсад байгаа бөгөөд төлбөрөө бүрэн төлж чадвал 2018.04.27-ны өдөр хагалгаанд орох боломжтой юм. Хагалгаагаар аарцаг ясны байрлал засах, давсаг болон шээсний замыг зөвтгөх маш хүнд ажилбарууд хийгдэнэ. Гэтэл бидэнд эмчилгээний зардалд 38 сая вонн буюу бүхэл бүтэн 77,78 орчим сая төгрөг дутчихлаа… Бид мэдээж олон гарц гаргалгаа хайж өөрсдийн байгаа боломжоос гадна шашны байгууллагууд, нийгмийн халамжийнхан, улаан загалмайн нийгэмлэг, хэд хэдэн ТББайгууллага, эрүүл мэндийн яам гээд олон газар луу хандсан ч давчуу хугацаанд алинаас нь ч нааштай хариу хүлээж авч чадсангүй ээ.
Одоо бидний эцсийн найдвар бол сайхан сэтгэлт монгол хүмүүс минь юм. Монголчууд бид чинь ирсэн хүнийг тосоод авдаг сайхан заншилтай ард түмэн шүү дээ. Аав ээжийнхээ амьдралд ДАХИЖ ОЛДОХ БОЛОМЖГҮЙ ГАНЦХАН ҮР НЬ болж ирсэн Жаргалсайхан дүүг минь аврахад сайхан сэтгэлээрээ дэм хайрлаач” хэмээсэн байна.