Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал аавынхаа хэлсэн үгийг санагалзлаа. Аавын хэлсэн энэ үг л санаа сэтгэлд үргэлж хадаатай явдаг гэнэ. Хэдхэн хоногийн өмнө өвчний улмаас харамсалтайгаар таалал төгссөн Дархан Аварга маань хүүдээ ийнхүү захижээ. Их аварга маань аавыгаа эцсийн замд нь үдэхээр гэр бүлээрээ эх орондоо ирээд буй билээ.
Тэрбээр “Аав надад нэг мундаг үг хэлсэн юм. Барилдаан болгонд, 15 өдөр үзүүр, түрүүнд үлдэж байна гэж барилдах ёстой. Анх би дээшээ цолтой бөхчүүдтэй сайн барилдаад доод бөхчүүдэд төдийлөн ач холбогдол өгч барилддаггүй байлаа. За хаячих байх гээд тэгээд уначихаад байдаг байсан юм. Тэгээд л аав надад энэ үгийг хэлж байсан юм. Энэ үг л санаа сэтгэлээс ер гардаггүй юм даа” гэв.
Их аварга маань барилдааны үеэр дээд цолтой бөхчүүдээс илүү цол багатай бөхөд өвдөг шорооддог байсан удаа цөөнгүй гэнэ.