Газрын хол, усны уртад амьдардаг тул улсын наадамд хурдан буянаа сойж чаддаггүй ч морь уях эрдэм ухаанаараа орон нутагтаа төдийгүй Монгол даяар гайхагдсан хөдөөний хөх уяач олон бий. Тэдний нэг нь аймаг, бүсийн наадмаас зургаан түрүү, 30-аад айраг авсан Монгол Улсын манлай уяач Борнойн Баасанжав гуай юм.
Өдгөө Завхан аймгийн Сантмаргац суманд амьдардаг тэрбээр улсын наадамд ганцхан удаа хүлгээ сойхдоо шарга үрээгээ зургаа, хүрэн морио наймаар давхиулсан удаатай. Аймгийн заан цолтой, 65 настай Ө.Баасанжав гуай залуудаа цахилж явсан хүчтэн. Сумын наадамд 15 удаа түрүүлсэн тэрбээр залуучуудын УАШТ-д улсын заан Ө.Тулгаа, Р.Давааням тэргүүтэй шилдгүүдтэй өрсөлдөн, IV байрт шалгарч байсан нэгэн.
Улсын Тод манлай уяач цолны болзол хангахад бүсийн наадмын хоёрхон айраг дутуу байгаа түүнийг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ирэх үеэр нь уулзаж, ийн ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу, Та. Хөдөө өдийд хаврын яргуй цасан доор зүүдлэн, малчны хотонд төлийн дуу цангинаад мөн ч сайхан байгаа даа. Та хотод хэзээ ирэв?
-Ганц нэг төлөг, борлон шийр амраасныг эс тооцвол баян хангайн буянаар сайхан хаваржиж байна аа. Өнгөрсөн зун гантай, энэ өвөл цас их орсон болохоор зарим нутагт жаахан зутарсан. Мал ид төллөөд, түмэн чөлөөгүй л байна.
Өвс муутай ч мал жилбэ сайтай онд орлоо. Нутгийн зөвлөлийн уулзалт, аймгийнхаа “Очирваанийн хүлэг” уяачдын холбооны чуулганд оролцох, хувийн нэлээд ажил амжуулах гэж ирлээ.
-Сүүлийн жилүүдэд залуус мал маллаж бус, төв суурин бараадан амьдрахыг илүүд үзэх болсонд харамсдаг. Хоёр жилийн өмнө нутагтаа очиход хөдөө нэлээд эзгүйрч, настай голдуу хүмүүс бууриа сахин үлдсэн байна лээ.
Сантмаргацад тийм гачлан хэр байна вэ?
-Өө, ер нь манай нутаг гэлтгүй хаа сайгүй тийм гачлантай болсон. Гал голомтоо бадраахад нь хэдэн мал тасдаж өгсөн ч маллах сонирхолгүй нь олонтаа. Яамаар ч юм бэ дээ, мэдэхгүй. Эрдэм боловсролтой болъё, өөрийгөө хөгжүүлье гээд амьдрахын эрхэнд төв суурин бараадаж буй залуусыг буруутгах аргагүй.
Гэтэл зарим нь ажлын хялбарыг эрж, биеийн амрыг харсандаа мал маллахаас зугтаж байгаа нь харамсалтай. Сүүлийн үеийн залуус аль болох зүгээр сууж байгаад, амар хялбар аргаар амьдрах сонирхолтой болоод байх шиг. Эмнэг хангалаа сурган, мориор ажлаа амжуулдаг, үхэр тэргээр нүүдэг малчин эрс цөөрсөн.
Мотоциклоор хонио хариулан, адуунд явах нь энүүхэнд, даан ч дээ. Хот, хөдөөгүй монгол ахуйгаасаа холдон, өв уламжлалаа гээж байгаад эмзэглэдэг. Харамсахгүй, халаглахгүй байхын аргагүй зүйл хаа сайгүй их байна аа.
-Хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавин байж хүйтний улиралд морь уралдуулж байгааг олон хүн шүүмжилдэг. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Өвлийн хүйтэнд морь унаад явахад ямар байдаг билээ. Гэтэл тэр хол газар хурдан морины нуруун дээр цас, шуурга, жавар сөрсөөр ирэх хүүхдийг өрөвдмөөр. Цас хайлаагүй үед морь уралдуулбал үлийнд бүдэрч унах эрсдэл ихтэй. Манай нутагт лав өвөл морины шандсыг сорьдоггүй.
Цаг уярч, газар гэсэн, хүйтний ам цаашлахаар буюу дөрөвдүгээр сарын сүүлчээр л уралдуулж эхэлдэг юм. Хот, суурин газар малын захад өссөн, дөртэй хүүхэд элбэг бус. Хөнгөн биетэй л бол хамаагүй гээд чадах, чадахгүй хүүхдээр морь унуулж байгаа нь буруу.
Мориноос унасны улмаас бэртсэн хүүхдийн тоо цөөрөхгүй байгаа нь зохион байгуулалтаас гадна үүнтэй холбоотой.
-Зарим уяач, ММСУХ-ныхон өвлийн улиралд морь уралдуулах нь дээхнэ үеэс өвлөсөн ёс, хүүхдийн эрх гээд хэтэрхий туйлширч байна гэж өөрсдийгөө өмөөрдөг. Үнэхээр тэгдэг байсан юм уу?
-Би өдий наслахдаа өвөл морь уралдуулдаг байсан гэж дуулаагүй. Сүүлд бий болсон зүйл болов уу. Монголчууд уядаг морио Цагаан сараар унан, ойр тойрны айлуудын хүлгүүдтэй хурдыг нь сорьж, жилийнх нь өнгийг шинждэг байсан юм билээ.
Тэгэхдээ хүүхэд бэртэж, гэмтэхээс сэргийлэн нас бие гүйцсэн хүн унадаг байсан гэдэг.
-Хаврын улиралд уралдуулах нь морины уяа сойлгод хэр нөлөөлдөг вэ?
-Их нөлөөлнө. Жилийн дөрвөн улирлын турш тэжээдэг морьдын уяа сойлгод энэ их чухал. Ямар ч сайн тамирчныг элдэв зүйлээр бордож байгаад тэмцээн болохоос хэдхэн сарын өмнө ачаалалтай бэлтгэл хийлгээд оролцуулбал амжилт гаргаж чадахгүй. Яг үүнтэй адил жилжингээ тэжээсэн морины гол нь өөхөлчихсөн байдаг юм.
Хаврын уралдаан нэг ёсондоо бэлтгэл болж, хур хүчийг нь тааруулахад тустай. Тарган морийг зун шахаж уяхаар бие нь амархан булардаг, бэртэмтгий болчихдог. Тэгэхээр морийг жилийн дөрвөн улиралд хур хүчийг нь сайхан тааруулж, уйдааг нь гаргаж эдлэх чухал. Ялангуяа хонь хариулах их зүгээр. Хөдөөний бид мориндоо элдэв тариа хийж, бордох биш дээ.
Сайндаа л овьёосоор тэжээхээс хэтрэхгүй, бор зүрхээр нь уралдуулдаг. Байгалийн өвс, ургамлаас илүү эрдэс, бодис гэж юу байх вэ. Газар нь л холдоод байдаг болохоос улсын наадамд торгон жолоо өргүүлэх хүлэгтэй, эрдэмтэй олон уяач манай нутагт бий.
-Та ер нь морио элдэв эм, тариагаар тордож үзсэн үү?
-Юуг нь нуух вэ, нэг удаа уургаар тарьсан шүү. Жигтэйхэн хүчтэй тариа гэхээр нь сонирхоод. Өнөөх морь маань амьсгаадаад гавьтай хурдлаагүй. Тэгэхээр нь больчихсон, дахиж тийм зүйл сонирхоогүй. Одоо морио бэлчээрээр нь сойгоод, овьёосоор л тэжээдэг.
-Өнөө цагт морь уях нь бэл бэнчинтэй хүний ажил болжээ. Томоохон албан тушаалтан, чинээлэг хүмүүс хурдан морь үнэ цохиж аван, бусдаар уяулан цол хүртэж байгаа нь уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байх шиг.
Ялангуяа унаган хүлгээрээ уралддаг хөдөөний хөх уяачдын хөдөлмөртэй бүр зүйрлэх аргагүй.
-Тийм шүү. Цол, хэргэм, гавьяа шагнал олгохдоо хэрхэн хөдөлмөрлөснийг нь чухалчилж, шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй. Энд, тэндэхийн хамаг гайгүй морийг үнэ цохиж аваад гавьяа шагнал хүртэж байгаа уяач цөөнгүй. Төрийн зарим томоохон албан тушаалтан, Монголын толгой компаниудын эздийн цөөнгүй нь хурдан морьтой, улсын цолтой.
Тэр хэрээр уяачдын хөдөлмөр үнэгүйдэж, төрийн цолны үнэ цэнэ унаж байна. Хурдан морьтой бус уях эрдэмтэй хүнийг л уяач гэдэг юм шүү дээ. Бидэн шиг жилийн дөрвөн улирлын турш хөдөө хөхөрч, гандаа гандан байж морь уяхгүй байгаа ч олон сая төгрөгөөр морь худалдаж аван, адууныхаа үүлдрийг сайжруулж буй хүмүүсийг үгүйсгэж болохгүй.
Мөнгө хийсээд ирдэг эд биш шүү дээ. Хаа, хаанаа л бодолцох хэрэгтэй. За энэ ч яах вэ, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг бидэнд падгүй асуудал. Харин бэлтэй хүний эрлийз морийг хасдаггүй мөртлөө эгэл жирийн малчны хүлгийг монгол байсан ч уралдуулдгүйг болиулах хэрэгтэй, энэ харин бидэнд тулгамдаж буй том асуудал шүү.
-Орон нутгаас төрийн наадмыг зорьж ирэх уяачид жилээс жилд цөөрөөд байна уу даа гэж анзаарагддаг. Энэ нь “Том уяачдын морь түрүүлэх байлгүй. Эсвэл монгол морьдтой уралдсан эрлийзүүд нь өнгөлөх байх” гэсэн бодол зарим уяачид төрдөг болсонтой холбоотой болов уу?
-Өнгө, мөнгөөр ханддаг, үзэмжийн асуудал хаа сайгүй байна. Би унаган хүлгээ л уядаг, эрлийз морьгүй, тэгээд ч улсын наадамд буянаа сойдоггүй болохоор энэ зовлонг төдийлөн амсдаггүй. Ноднин болсон нэгэн уралдааны өмнө 20-иод эрлийз азарга хассан юм. Гэтэл гурван жийптэй хэдэн нөхөр ирэн уралдаан зохион байгуулагч, цагдаа нарыг зад загнаж байгаад л уралдуулна лээ. Өнөөх хүлгүүдээс хоёр нь түрүүлж, аман хүзүүдээд миний хүрэн азарга зургаад орсон юм.
Харваас эрлийз нь тодорхой, дэнхийсэн амьтдыг л уралдуулчихаж байгаа юм даа. Миний хүрэн дэргэд нь бараг даага шиг харагдаж байхад шүү дээ. Би дургүйцлээ илэрхийлсэн, тоохгүй юм билээ. Эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна гэчихээд тэгж болохгүй баймаар. Морь уяхад хүртэл баян, хоосны ялгаа гараад хэцүү цаг иржээ.
-Монгол морийг эрлийзжүүлэн “Шинэ цагийн монгол адуу” гаргаж байгаа. Уяач бүхэн хурдан хүлэгтэй болохыг хүсдэг ч алсдаа хэтэрхий туулширвал олон эрсдэлтэй. Монгол банхар устах аюулын эрмэгт ирсэн шиг монгол моринд тийм эрсдэл бий юү?
-Эрлийз морийг хүйтний улиралд сайн л тэжээхгүй бол онд орохгүй. Тийм тэсвэр, тэвчээр муутай амьтан. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай, чөмөг царцаам өвөлтэй Монголд тохиромж тун тааруу.
Ер нь эрлийзжих тусмаа монгол морины холыг туулдаг, эдэлгээ даадаг, хүйтэнд тэсвэртэй чанар алдагддаг. Тэгэхээр алсдаа монголчууд бид монгол морьгүй ч болох эрсдэлтэй.
-Та ер нь хэдэн оноос хойш морь уяж байгаа билээ?
-1982 оноос хойш морины сүүл боож байна, аавынхаа морь уях эрдэм, ухааныг өвлөж яваа хүн дээ, би. 1995 онд болсон Сар хайрхны даншигт сартай хүрэн хязаалангаа гуравт, даагаа аман хүзүүнд давхиулан анхны айргаа хүртэж байлаа. Тэр наадам хамгийн дурсамжтай нь. Би эхээс наймуулаа, ах маань Хөдөлмөрийн баатар Доржсамбуу шүү дээ.
Хөөрхий минь өнгөрсөн жил бурхан болсон. Ээж адуунд их эртэй, хэр баргийн эмнэг хангалыг чихдэж байгаад мордон, сургадаг хүн байсан юм. Бахадмаар шүү. Аав нэг метр 92 см өндөр, 120 кг жинтэй биерхүү, морь уях эрдэмд гаргуун хүн байсан.
Тайлаг тэмээг өрөөсөн хөлнөөс нь барьж байгаад мушгиад унагадаг байсан гэнэ лээ. Би сумынхаа наадамд 15 удаа түрүүлсэн, аймгийн заан цолтой. Аймгийн наадамд ганцхан удаа зодоглохдоо З.Элбэг арсланд өвдөг шороодон, үзүүрлэсэн юм.
-Сонгино сумын наадамд түрүүлэхэд тань их нас, хязаалан, соёолон чинь магнайдаа тоосгүй хурдалсан юм билээ. Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй гэдэг. Хэр үнэний ортой үг бол?
-Үнэний ортой шүү. Тэр наадмаас гурван мориор шагнуулаад харьж билээ, надад юм болоогүй л дээ. Түрүүлсэн хул морь маань барианд орсныхоо дараа эндчихсэн. Хоолыг нь жаахан багадуулж, өлдүүлсэн нь миний буруу.
Тэгэхэд манай нутгийн Сангижав гэдэг хүн “Морь, бөх хоёр түрүүлэх харш. Аав чинь ямар мундаг хүн билээ, чамд хэлээгүй юү. Чи эсвэл ойшоодоггүй юм уу. Хайран сайхан хүлгээ эндээчихлээ. Их шөвөгт өвдөг шороодчихгүй яасан юм бэ” гэж зэмлэж билээ.
Морио түрүүлгэчихээд гэр рүүгээ хөтлөөд явахаас илүү жаргал уяач хүнд үгүй. Эндүүлэх шиг хэцүү зүйл байхгүй, уяа сойлгоны алдаанаас болсон бол бүр ч хэцүү.
-Морь эзнээ олдог гэдэг. Таны хүлгүүдээс хамгийн алдартай нь цагаан, хээр алаг морь чинь. Хоёуланг нь хүнээс худалдаж авсан юм билээ. Таныг олсон хүлэг мөн үү?
-Цагаан морийг би 17 настайд нь худалдаж авсан юм. Жинхэнэ Хүнгийн голын унага, эзнээ олсон хүлэг дээ. Надад ирэхээсээ өмнө сумандаа гурван удаа аман хүзүүдсэн, эзэн нь жаахан өлдүүлж уяад байсан юм билээ. Гараанаас гараад тасарчихдаг мөртлөө барианд ойртоод суучихдаг байв.
Надад ирсэн жилээ гурван том наадамд түрүүлсэн. 20 хүртлээ уягдахдаа түрүү, айраг олныг хүртэж, намайг баярлуулсан даа. Алаг морийг би 16 настайд нь хүргэн ахаасаа худалдаж авсан юм. Минийх болсноосоо хойш 20 гаруй удаа түрүүлж, 30-аад айрагдан, 21 хүртлээ уралдсан ясны хүлэг.
-Та улсын наадамд ганцхан удаа хүлгээ сойсон. Яагаад орон нутагтаа наадахыг илүүд үздэг юм бэ?
-Газар хол болохоор хэцүү. Улаанбаатар хот манай сумаас 1300 км-ийн алсад оршдог. Би 2003 бил үү 2004 оны улсын наадамд шарга үрээгээ зургаа, сартай хүрэн морио наймд давхиулсан. Уг нь айраг хүртэх боломж байсан юм аа. Улсын наадамд ирэх замдаа Архангайд болсон уралдаанд морио сойсон нь буруудсан байна лээ.
Говийн морины хөл амархан улдчихдаг гэмтэй. Тэгэхэд би хичээвэл улсын наадмаас түрүү, айраг хүртэх хурдан буянтай, боломжтойгоо мэдэрсэн. Даанч хүн бүл цөөн, газар хол болохоор улсын наадамд ирж чадахгүй юм. Тэгээд л орон нутагтаа нааддаг.
-Энэ жил хэдэн морь сойхоор төлөвлөв?
-Азарга, их нас, даага тус бүр хоёрыг уяна. Харин бусад насанд нэг морь сойно. Би өвөл морь тэжээдэггүй. Нялх ногоо ургаж байх үеэр морийг бэлчээрээр явуулахыг цээрлэдэг. Шинэ ногооны үндэс цавчсан морь тамираа барчихдаг, хөл нь цуцамхай болчихдог гэмтэй. Тиймээс уях морьдоо Цагаан сарын дараа барьж авсан.
Хоёр хүүтэй байсан юм, нэг нь багадаа эндсэн. Хүүгийнх хотод байдаг болохоор манайд ирэн, очин байдаг юм. Одоо хөдөө морьдоо тэжээж байгаа. Би бүсийн наадмаас дахин хоёр айраг хүртвэл улсын Тод манлай уяач цолны болзол хангана.
Мэдээж уяач бүхний мөрөөдөл болсон хамгийн том цолыг хүртэхийн төлөө зүтгэлгүй яах вэ. Энэ жил манай аймаг Баруун бүсийн даншиг наадамтай. Наадам болтол өвсний сорыг даган оторлон, морио уяж байгаад том зорилготой очно доо.
-Та нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Арагшаагаа нэлээд яарч байна. Жаахан хүйтдээд байгаа болохоос ногоо овоо цухуйсан сурагтай. Би 1995 оноос хойш мянга гаруй мал тоолуулж байгаа, дөрвөн жилийн өмнө аймгийн сайн малчин болсон. Улсын сайн малчин цолны болзол хангасан ч хөөцөлдөггүй юм аа.
Хүү минь энэ зунаас хотод ирвэл бүл бүр цөөрнө. Тиймээс ирэх жилээс малаа цөөлөх бодолтой. Нөгөөдөр (бүтэн сайнд) нутаг буцах санаатай, амжих нь уу, үгүй юү.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин