Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан өнгөрсөн сарын 21-нд “Хонконг жүжигчдийг Хятадын кино, телевизийн ертөнцөд нэвтрүүлэх лобби групп” байгуулсан билээ.Тус улсын жүжигчдэд хятад хэлийг сайн сурахыг зөвлөв.
2003 онд Хятад, Хонконгийн хооронд байгуулсан гэрээгээр хонконг жүжигчид Хятадын киноны туслах дүрд л тоглох ёстой болсон. Телевизийн нэвтрүүлэг, шоуны хувьд ч Хонконг, Макаогийн жүжигчдэд Хятадын Засгийн газраас хатуу хязгаар тогтоосон байдаг. Иймээс Хятадын кинонд Хонконгийн жүжигчдийг олноор нь тоглуулах талаар Бээжинд лобби үйл ажиллагаа явуулах юм.
Жеки Чаны групп энэ хязгааралтыг сулруулж, чадвал бүр мөсөн цуцлуулахын төлөө ажиллах юм. Тэрбээр “Манай групп Хонконгийн жүжигчдэд том боломж өгнө гэж найдаж байна. Манай оддод Хятадад ажил олох тун хэцүү байдаг. Бид туслана” гэж хэлсэн юм. Мөн Хятадад ажил олж, амжилтад хүрэхийн тулд хятад хэл өөрөөр хэлбэл мандарин хэлийг сайн сурах ёстой гэж зөвлөлөө. “Мандарин хэлээ сайжруул. Тэгвэл та нар Хятадад ад үзэгдэхгүй. Олон жилийн өмнө Холливудынхан Хятад, Хонконгийн киног тоодоггүй байлаа. Тэгвэл одоо тэд хамтран ажиллаач гэж биднээс гуйдаг болсон” гэж Жеки хэлсэн байна.