Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
-Засгийн газар Арбитрын шүүхэд хоёр удаа ялагдаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг төлөх болсон. Энэ асуудалд та ямар байр сууриас хандаж байна вэ?
-Олон улсын арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банктай маргаж байгаа асуудлын талаар тодорхой хэдэн зүйл хэлмээр байна. Олон улсын шинж чанартай томоохон арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газар өмгөөлүүлэхээр хуулийн фирм хөлслөхөөс гадна, Улсын ерөнхий прокурорын газар хяналт тавьж, оролцож байх ёстой.
Арбитрын маргаантай асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэхийг тогтоосон байх учиртай. “Жаст”-ын хэргийн талаар АТГ асуудлыг шалгаад, шүүхээр эцэслэн шийдвэр гаргуулсан байх ёстой байсан юм. Гэтэл шалгаж байгаад шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь дэндүү хариуцлагагүй явдал. Хэрэв шүүхийн шийдвэр гарсан бол Лондонгийн арбитрын шүүхэд “Эрдэнэт” үйлдвэр ялах магадлал маш өндөр байсан. Энгийн зүйл юм шиг мөртлөө зайлшгүй хэрэглэх ёстой хуулийн арга хэрэгслийг манайхан огт хэрэглэхгүйгээр ялагдсан.
Монгол Улсын эрх ашгийг төлөөлж гэрээ хийж байгаа эрх бүхий этгээдүүд олон улсын гэрээг маш хариуцлагагүй, маргаан гарсан нөхцөлд асар их эрсдэл гарахаар хийсээр ирсэн, хийж ч байна. Хөндлөнгийн, өөр улсын Арбитр сонгохгүй, эсрэг талынхаа харъяалагдах улсын Арбитрыг сонгож байгаа нь буруу бөгөөд том алдаа. “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд баталгаа гаргаж өгсөн. Ш.Батхүү зээл авсан асуудал олон нийтэд ил болоод дөрвөн жил болж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн зөвхөн 51 хувийг биш бүхэлд нь барьцаанд тавьсан. Гэтэл 51, 49 хувь гээд байгаа нь цаанаа улстөржсөн, тодорхой хэсэг бүлгийн ашиг сонирхол нуугдаж байна уу гэлтэй.
-Арбитрын шүүхийн шийдвэр нууц гээд байх юм?
-Арбитрын шүүхийн шийдвэр нууц биш. Шүүхээс гаргасан шийдвэр нь олон улсын Британи Ирландын хуулийн мэдээлэл институудын албан ёсны цахим санд ил тодоор оруулсан байгаа. Олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг уншиж судалж, үнэлэлт дүгнэлт хийх асуудал маш чухал. Гэтэл Арбитрын шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүд “нууц” гэж хэлээд олон нийтэд ил гаргахгүй байна. Энэ нь Монгол Улсын эрх ашгийг Арбитрын шүүх дээр хамгаалж чадаагүй нэр бүхий хүмүүс өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал ил гарна гэж айхдаа нууж байна гэж үзэхээр байгаа юм. Миний хувьд Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг судалж үзлээ. 2-3 жилийн өмнө Монголын хууль хяналтын байгууллагаар шалгаад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тогтоогоод шүүхийн шийдвэрийг олон улсын арбитрын байгууллагад хүргэж өгсөн бол “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө гаргуулах шийдвэр гаргах ямар ч үндэслэл байхгүй юм билээ. Монголын талаас өмгөөлж байгаа хуулийн фирм “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хуурамч гарын үсэг зурсан, “Эрдэнэт” үйлдвэр энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй гэсэн хариу тайлбар хийсэн байдаг. Хуулийн фирмийнхэн ямар ч нотлох баримтгүйгээр тайлбар хийхийн оронд манай хууль хяналтын байгууллагаар тогтоолгосон шийдвэрийг аваачиж өгөх ёстой байсан. Хэнд ч ойлгомжтой энэ зүйлийг хийгээгүйгээс болоод Засгийн газар ялагдчихлаа. -Өөр ямар асуудлаас болж ялагдал хүлээсэн бэ?
-Манай улсын талыг хариуцаж байсан төлөөлөгчид хоёр жилийн өмнө Арбитрын шүүхийн хоёр ч шийдвэрээр зээл, өмгөөлөгчийн зардал, бусад төлбөр торгууль гээд 70 орчим сая ам.доллар төлөх шийдвэр гарсан шиг байгаа юм. Шүүхийн шийдвэр гарангуут хурдан арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл цаг хугацаа маш их алдсан нь харагдаж байна. Үүнээс болоод хохирлын хэмжээ өссөн. Хариуцлагагүйгээс болж 50 орчим сая ам. долларын өрөнд орсон гэж үзэхээр байна. Арбитрын шүүхийн хуралдаанаар 500 мянган ам.доллараас дээш өртөг бүхий хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөх тухай захирамж гарсан. Үүнийг биелүүлбэл давж заалдах боломжтой болох байсан гэж ойлгосон. Гэтэл шүүхээс гаргасан энэ захирамжийг манай тал биелүүлээгүй тул “шүүхийг үл хүндэтгэсэн” хэмээн үзэж, нэхэмжлэгч тал хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх эрхтэй гэж шүүх үзсэн байна. Энэ бол ноцтой бөгөөд манай талын төлөөлж байгаа этгээдийн болон өмгөөлөгч хуулийн фирмийн хариуцлагагүйгээс болсон гэж бодож байна. Тэгэхээр Стандарт банкны энэ асуудал бидэнд маш том сургамж боллоо. Төрийн хууль цаазын зөвлөх, хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага төр засгийг төлөөлөх, өмгөөлөх үүргээ хангалтгүй биелүүлж байна гэхэд буруутахгүй байх.
-“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группт баталгаа гаргаж өгөхдөө хууль зөрчсөн зүйл байгаа юу?
-Үнэн хэрэгтээ баталгааг ТУЗ нь буюу Төрийн өмчийн хороо Засгийн газрын хяналт дор гаргах ёстой. Анхны зээлийн баталгаа гаргаж өгсөн, дараагийнх нь “хуурамч” гэж яриад байгаа. Тэгвэл анх баталгаа гаргаж өгсөн асуудал нь ч хууль бус зүйл. Өөрөөр хэлбэл, баталгаа гаргах ямар ч эрх мэдэлгүй этгээд баталгаа гаргасан гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр иргэдэд зээл олгохдоо зээл авч байгаа этгээдийн хөрөнгийн эх үүсвэр, зээлээ эргүүлэн төлөх чадвар зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч хөрөнгийг нь барьцаалсны үндсэн дээр өгдөг биз дээ. “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группт баталгаа гаргаж өгөхдөө эд хөрөнгийг нь бүртгүүлэх, барьцаалах зэрэг баталгаа авах ёстой байсан. Гэтэл огт судалгаа хийгээгүй, баталгаажуулаагүй. Тиймээс Арбитрын шүүхэд маргаан эхлэнгүүт “Жаст” групп өөрийн эд хөрөнгийг шилжүүлж үрэн таран хийсэн асуудал гараад ирлээ. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. “Эрдэнэт”-ийн удирдлага “Эрдэнэт” үйлдвэрийг бүрэн төлөөлөх эрхтэй гэсэн албан тоот хийж өгсөн Төрийн өмчийн хорооны хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт банкинд мөнгө гаргуулах асуудал яригдаад байна шүү дээ. Ийм эмгэнэлтэй байдал “Эрдэнэт” үйлдвэр дээр яваад байна. Хувь хүний, хэсэг бүлэг хүний ашиг сонирхол төрийн ашиг сонирхлоос даваад явчихсан байгаа нь энэ бүгдээс шууд харагдаж байна.
-Хариуцлага тооцох тухайд хууль эрх зүйн ямар зохицуулалт байна вэ?
-2015 онд Эрүүгийн шинэ хууль батлагдсан. Гэхдээ энэ хуульд хээл хахууль авч Монголын байгалийн баялгийг гаднынханд өгдөг, хууль бус гэрээ хийдэг, хууль бусаар төрийн өмчийг барьцаалдаг, улсын мөнгө завшсан гэх мэт гэмт хэрэгтнүүдийн лобби, ашиг сонирхол орсон байна гэж харж байгаа. Тухайлбал, хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг тав болгосон. Энэ юу вэ гэвэл залилангийн болон ноцтой гэмт хэрэг үйлдэгчдэд ял завших боломжийг хуулиар олгож байгаа хэрэг. Залилангийн гэмт хэрэг нуугдмал явагддаг. Уг нь гэмт хэрэг илэрсэн өдрөөс нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Гэтэл шинэ хуулиар “хэрэг үйлдсэн өдрөөс” гээд заачихаар нөгөө гэмт этгээдүүдийн хийсэн хэрэг илрээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар байгаа юм.Үүнийг “ял завшуулах” гэдэг. Гэхдээ одоо ярьж байгаа томоохон гэмт хэргүүдийг Эрүүгийн журмаар цаг алдалгүй шалгаж шийдвэрлэх хуулийн боломж бүрэн бий.
-С.Баярцогт, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан тэргүүтэй төрийн томчуудтай холбоотой асуудал ар, араасаа ил болж байна?
-Ер нь авлигын л хэрэг шүү дээ. Энэ бол албан тушаалын олон төрлийн гэмт хэрэг гэсэн үг. Үүнд, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэх, хахууль өгөх, авах, хуурамч гэрээ хийх гэх мэт албан тушаалтай холбоотой бүх төрлийн гэмт хэрэг орно. Өмнө нь жирийн иргэн залилан хийхэд 10-15 жилийн хорих ял ногдуулдаг байсан бол авлига, албан тушаалтай холбоотой төрийн албан хаагч, томчуудын хэрэг тэнсэн харгалзах, 3-5 жилийн ялтай гэсэн байдлаар явж ирсэн. Энэ гажуудлаас болоод татвар төлөгчдийн мөнгө, улсын мөнгийг эрх мэдэлтнүүд хувьдаа ашиглах, завших гэсэн албан тушаалын гэмт хэргийн сүлжээ бий болсон. Жишээ нь, С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт гэнэт баяжсан хүмүүс хуйвалдаж Оюутолгойн гэрээг хийсэн байх магадлал өндөр. С.Баярцогтын 10 сая ам.долларын асуудал ил болчихлоо. С.Баярын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал, Дубайн гэрээ гээд Оюутолгойн гэрээтэй холбоотой хүмүүсийг Монголдоо шалгах бүрэн боломжтой. Дараагийн жишээ гэвэл, хуулийн байгууллагуудыг улстөржүүлж, нөлөөлөх хандлага байна. Үүнд томоохон өөрчлөлт хэрэгтэй. Гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө оффшор дансанд нуудаг, Оюутолгой Монголын хуульд захирагддаггүй, УИХ-д шууд нөлөөлдөг, “Бороо гоулд” компани асар их хэмжээний цианит натри ашигладаг. Ноён уулыг ухах гээд байж байгаа гэх мэт жишээг дурдаж болно. Гэтэл үүнийг яагаад шалгахгүй, илрүүлэхгүй, арга хэмжээ авч чадахгүй байна вэ гэдэг нь хариуцлагагүй, үеэ өнгөрөөсөн гаж тогтолцооны балаг, мафижсан бүлэглэлүүдийн гай мөн. Адаглаад л манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тагнуулын дарга хийж байсан томоохон улстөрчид төрийн ашиг сонирхол, нууцыг хадгалж, хамгаалах ёстой атал ийм компаниудын зөвлөхөөр очихоор ойлгомжтой шүү дээ.
-Улстөрчид авлига авсан нь тогтоогдвол Оюутолгойн гэрээ цуцлагдах уу?
-Цуцлах эсвэл өөрчлөх ёстой. Оюутолгой гэж үйлдвэр шүү дээ. “Төсөл” гэж нэр өгөөд луйврын, нэг талын эрх ашгийг хамгаалж гэрээгээр халхавчилж “дээрэм”-ээ хууль ёсны мэт болгож хэлбэржүүлсэн. Авлига өгсөн, авсан этгээдүүд бүгд хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ гэрээний улмаас учирсан их хэмжээний хохирлыг бүрэн гаргуулж Монголын тал авах ёстой. Монголчууд болзлоо тавьж эрх тэгш гэрээ хийх эрхтэй. Ашгийн 50 хувийг ямар нэг хөрөнгө оруулахгүйгээр шууд авахаар тийм болзол тавих ёстой. Бүх орлого, зарлага гүйлгээ Монголбанкаар дамжиж хийгдэх ёстой. Үгүй бол энэ компанийг Монголоос гарч явахыг шаардах эрх Монголын ард түмэнд байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин