Цаазын ялыг сэргээх болон эрүүгийн хуулийн талаар Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавтай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Мөн олон нийтээс санал асуулга явуулна хэмээн мэдэгдээд байгаа. Хууль зүйн ухааны доктор, профессор хүний хувьд та Цаазын ялыг сэргээх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Цаазын ялыг сэргээх нь зөв гэж үздэг. Гэхдээ хязгаартай сэргээх ёстой. Бага насны хүүхэд буюу 14 нас хүрээгүй хүнийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт этгээдийг цаазлах ёстой. Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг тууштай дэмжиж байгаа хүний нэг нь би. Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барина гэсэн. Хэлэлцэх хүртэл саад тулгарах байх.
-Үндсэн хуулийн 10-р зүйлд заасны дагуу МУ Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ёстой гэж заасан байдааг. Эргээд Цаазаар авах ялыг сэргээснээр олон улсад манай улсын нэр хүнд унах юм биш үү?
-Цаазаар авах ялыг хүчингүй болгох гол үндэс нь биш. Дэвшил мөн үү гэвэл мөн. Мэргэжлийн хуулиар бол олон юм ярина. Цаазаар авах ялаас татгалзах ёстой юу гэвэл татгалзах ёстой. Гэхдээ одоо цаг хугацаа нь болоогүй байна. Эрүүгийн нөхцөл байдлыг хар. Олон нийтийн шаардлагыг хар. Ийм байгаа учраас цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа бага насны хүүхдийг хүчиндсэн бол цаазаар авах нь зөв. Манай хойд хөрш хоёр жилийн өмнө цаазаар авах хүнийг тайган болгодог хуулийн заалттай байсан ш дээ.
-Цаазаар авахаасаа илүүтэй бүх насаар нь хорихоос илүү хүнд шийтгэл гэж байхгүй гэж хуулийн байгууллагын мэргэжилтэнүүд хэлдэг. Нөгөө талаасаа цаазаар авахад хүний эрхийн асуудал хөндөгдөж байна?
-Хэдэн хүнийг бүх насаар нь хорих юм бэ. Хэдий хэмжээний зардал гарч байна. Би үүнд санал нийлэхгүй байна. 1 нас 8 сартай хүүхдийг хүчиндэж байгаа хүн чинь хүн мөн үү гэдгийг эхлээд авч үзэх ёстой. Ийм хүнтэй хүний эрх гэж юу ярих юм бэ?
– Манайх эрүүгийн маш муу хуультай болчихлоо. Үүнээс болоод гэмт хэрэг маш их гарах боллоо гэж зарим хуульчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
Гэмт хэрэгтэй тэмцэх гол хуулийн нэг нь Эрүүгийн хууль.Гол гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хууль маань гэмт хэрэгтэй тэмцэх бус өөгшүүлсэн хууль болсон. Тэгэхээр энэ хуулийн талаар 2,3 санаа хэлье.
- Эрүүгийн хууль амьдралаас хол тасархай хууль болсон. Монгол оронд хэрэгжих ямар ч бололцоогүй хууль.
- Эрүүгийн хуулиас гэмт хэргийг зүйлчлэл гэдэг том шалгуурыг бараг хассан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нарийн зүйлчлэлээр шийдвэрлэж байх ёстой.Тэр зүйлчлэл эрүүгийн хуульд байхгүй. Гэмт хэргийн ангилал гэдэг юмыг эрүүгийн хуулиас аваад хаячихсан.
- Эрүүгийн хуулийг дагаж явдаг эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байдаг. Үүнийг хууль гэж хэлэхэд ичмээр хууль болжээ. Ганцхан жишээ хэлэхэд одоо Монгол Улсын мөрдөн байцаах алба юунд чиглэж байна вэ гэвэл тухайн хэрэг үйлдсэн хүнээ хэргийг нь хүлээлгэх л ёстой гэсэн зарчмаар явж байна. Тухайн иргэн хэргээ хүлээчихвэл хялбаршуулсан маягаар шийдэх юм гэнэ. Байцаан шийтгэх хуулинд ийм заалт орчихсон. Мөрдөн байцаалт явуулахгүй хэдхэн хоногийн дотор шийдээд хаячихна. Тодорхой жишээн дээр хэлэхэд С.Зоригийн хэргээр ял авсан хүмүүсээс харж болно. Хэрэг гарах үед 16 настай байсан хэдэн залуучуудыг яаж шийтгэж байна вэ. Гол хэрэгтэн гээд байгаа хүн нь хэргээ хүлээсэн бол шийтгэхэд бэлэн болно. Ийм байхад яаж гэмт хэрэгтэнтэй тэмцэх вэ.
Мөн эрүүгийн хуулинд албан тушаалтаны гэмт хэрэг гэж байсан том бүлгийг авлигалыг гэмт хэрэг болгоод толгой илсэн зүйл боллоо. Авлигалын гэмт хэрэг үйлдсэн байхад оноож байгаа ял дэндүү хөнгөн байна. Гэтэл гар утас хулгайлсан хүнд 10 жилийн хорих ял өгч байна. Өнөөдөр манай улсад ийм л хууль үйлчилж байна. Хэрэг мөртөлттэй холбоотой байцаан шийтгэх хуулинд хэргийг шалгаж байх хугацаанд хэргийг хаадаг ийм л хууль өнөөдөр үйлчилж байна.
-Авлига хээл хахуулийн хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?
-Авлига өгсөн авсан хүнийг хоёуланд хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хуульд орсон том ноцтой зүйл бол хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм орчихсон. Энэ битүү утгаараа хуулийн этгээдүүдийг хамгаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл авлига өгч байгаа гадаадын компаниудыг хамгаална гэсэн үг. Энэ бол маш том аюул. Яаралтай эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Мөн маай Зөрчлийн хууль бол маш муу хууль болсон. Хуучин хуулиасаа дордсон. Хулгайчдын толгойг илсэн, завшсан хууль боллоо. Зөрчлийн хууль ийм байгаагаас болж эрүүгийн хууль муудаж байна. Албан туштаалтаны гэмт хэрэгт хариуцлага тооцдог гол хууль нь эрүүгийн хууль. Гэтэл албан тушаалтанд оноох ял “ял төдий” байна. Би 47 жил эрүүгийн хуулийн хичээл зааж байгаа хүний хувьд ичиж байна. Эрүүгийн хуулийг бариад хичээл заах боломжгүй болсон.
Эх сурвалж: chuhal.mn
3 comments
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ЭЛБЭГДОРЖ ЗАВХРУУЛСАН
Элбэгдорж хаана байна,Бас гадаадад уу
haltmaagiin Battulga mini ee !!!!!!!!!yum unshaachdeee!!!!