1960-аад оны дунд үеэс дээд, дунд, тусгай мэргэжлийн ажилтныг хуучнаар ЗХУ-ын Москва, Ленинград, Киев, Улаан-Үд хотод бэлтгэж эхэлжээ. Тэдгээр тусгай мэргэжлийн ажилтанд номын санч багтаж байв. Тухайн үед Ю.Цэнд, М.Баянзул С.Лувсанням, С.Цэцэгмаа, Ө.Хартолгой, С.Цэрэнханд, А.Тогтоодулам нар ЗХУ-д номын санчийн дээд мэргэжил эзэмшсэн байна. Энэ үеэс манай улс дотооддоо мэргэжлийн номын санчдыг бэлтгэж эхэлжээ.
Өдгөө мэргэжлийн номын санчдыг СУИС-ийн Соёлын сургуульд бэлтгэж байна. Тодруулбал, 1969 оноос тус сургууль номын сан судлал, мэдээллийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн суурийг тавьж, 1960 онд номын санчдын жилийн курс хичээллүүлж, 1969 оноос номын санчийн анги нээжээ. Улмаар 1973 онд тусгай дунд боловсролтой анхны номын санчдыг, 1994 онд анхны бакалаврын боловсрол бүхий эл мэргэжилтнийг төгсгөсөн байна.
2004 оноос магистрын сургалт эрхлэх болсноор номын сан судлал, мэдээллийн чиглэлээр 40 гаруй магистрыг эрдэм судлалын ажилд дадлагажуулан бэлтгэсэн тухай тус сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав хэлсэн. Өнгөрсөн онд гэхэд л тус сургуулийг 50 гаруй оюутан номын санчаар төгсчээ.
…Түүнчлэн 2014 онд батлагдсан Номын сангийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 24 дүгээр зүйлд “Засаг дарга нь тухайн орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, орон нутгийн иргэнийг номын сангийн үйлчилгээнд өргөн хамруулах арга хэмжээг зохион байгуулна” гэсэн байдаг аж. Гэтэл үйл ажиллагаа жигд бус, мэргэшсэн боловсон хүчнээ тогтоож чадахгүй байгаа нь энэ хууль хэрэгжихгүй байгааг харуулж байна…
Өнөөдрийн байдлаар манай улсад 1509 нийтийн болон тусгай зориулалтын номын сан үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо бий. Харамсалтай нь, бүгдэд нь мэргэжлийн болоод хангалттай орон тооны номын санч ажилладаггүй. Улаанбаатар хотын төв номын сангийн олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох “Уг нь манайх 40 орчим номын санчтай ажиллах ёстой. Гэтэл одоогийн байдлаар 12 номын санчтай үйл ажиллагаа явуулж байна.
Төсвийн хэмнэлтийн улмаас нэмж номын санч ажиллуулахгүй байгаа. Арваад жилийн өмнө СУИС-ийн номын сан судлал, мэдээллийн ангийн оюутнуудыг дөрөвдүгээр дамжаанаас нь дадлагажуулан ажилд авдаг байв. Харин сүүлийн жилүүдэд номын санчийн эрэлт жил ирэх тусам тогтмол буурч ирлээ.
СУИС-ийг энэ чиглэлээр жил бүр олон мэргэжилтэн төгсөж байгаа ч мэргэжлээрээ ажиллаж буй нь цөөн. Мэргэжлийн бус олон хүн номын санчаар ажиллаж буй нь ч нөлөөлж байна. Ялангуяа орон нутгийн номын сангуудад дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг” гэв.
Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед номын санд техник технологи нэвтрүүлж, программ хангамжуудад суурилан үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч буй. Уншигчийн байгаа газарт номын сангийн үйлчилгээг хүргэх өнөө үеийн нийгмийн болоод номын сангийн гол зорилтыг хэрэгжүүлэхийн тулд номын санч нарт компьютер, гадаад хэлний мэдлэг зайлшгүй чухал юм. Гэтэл номын сангуудын арга зүйч, ахлах номзүйч, ахлах номын санч, фондоч (баримт мэдээ бүрдүүлэгч), номзүйч, номын санчдын олонх нь ахмадууд голдуу учир энэ чиглэлийн мэдлэг муу, сургахад удаан аж.
Гэтэл мэргэжлийг нь эзэмшсэн төгсөгчид орон нутагт ажиллахыг хүсдэггүй, удаан ажиллаж чаддаггүй гэнэ. Хот, орон нутагт гэлтгүй номын санчдын дундаж цалин 360-450 мянган төгрөг аж. Номын санчид мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилладаггүй нь цалин хөлс багатайгаас гадна ур чадвар дутмагтай л холбоотой.
Түүнчлэн 2014 онд батлагдсан Номын сангийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 24 дүгээр зүйлд “Засаг дарга нь тухайн орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, орон нутгийн иргэнийг номын сангийн үйлчилгээнд өргөн хамруулах арга хэмжээг зохион байгуулна” гэсэн байдаг аж. Гэтэл үйл ажиллагаа жигд бус, мэргэшсэн боловсон хүчнээ тогтоож чадахгүй байгаа нь энэ хууль хэрэгжихгүй байгааг харуулж байна.
Номын санчийн ажлыг мэргэжлийн бус нүдээр харахад зүгээр л ном өгөөд, аваад сууж байдаг хүн шиг харагддаг боловч түүний цаана их олон, нарийн ажиллагаатай ажлууд байдаг. Номын фонд, номын сангийн каталог, номын сангийн үйлчилгээ, ном зүйн ажилгүйгээр номын санг төсөөлөх аргагүй. Иймд номын санд ажиллаж буй хүнд мэргэжлийн мэдлэг зайлшгүй чухал. Гэтэл орон нутгийн номын сангуудад 14 хоногийн сургалтад хамрагдсан хүн номын санчаар ажиллаж буй нь олон.
Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сангаас орон нутгийн номын санчдад зориулсан сургалт зохион байгуулдаг аж. Өмнөх онд нь сургалт зохион байгуулчихаад ирэх онд нь шалгахаар очиход номын санч нь солигдчихсон байх нь олонтаа гэсэн. Ингээд л зохион байгуулсан ажил нь үр дүнгүй өнгөрөх нь энүүхэнд. Жишээлбэл, өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Төв номын сангаас эрхлэн “Номын сангийн анхан шатны бүртгэл, цахимжуулалт” сэдэвт сургалт явуулжээ.
Уг сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд, сумдын соёлын төвүүдийн дэргэдэх номын сангийн номзүйчдийг оролцуулжээ. Гэтэл ерөнхий боловсролын сургуулиудын номын санчдын олонх нь солигдож, мэргэжлийн бус, шинэ хүмүүстэй болсон байна. Тиймээс тэдэнд номын санчийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг дахин зохион байгуулсан тухай Дархан-Уул аймгийн Төв номын сангийн ахлах номын санч Ч.Бадамцэцэг хэлнэ билээ.
Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Номын өргөөнд мэргэжлийн номын санчдыг ажиллуулж, мэргэжлийг нь эзэмшсэн бол түүндээ эзэн болж ажиллан, бэлтгэж буй сургууль нь ч чанартай, цөөн мэргэжилтэн бэлтгэдэг байх, дээр нь тэднийг цалин хөлс, нийгмийн асуудлыг төрөөс бодлогоор дэмжих цаг болжээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин