Нийгэм

100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

НИТХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга,  НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн  ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга ажлын хэсгийн хийсэн ажлаа танилцуулж, түүний хүргэсэн танилцуулгатай холбоотойгоор Хурлын  төлөөлөгчид саналаа хэллээ. Төлөөлөгчдийн  саналаас хүргэе.

IMG_9552-600x400 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж “100 айлыг нүүлгэх асуудлыг хувьдаа дэмжиж байна, тэнд хот тохижилт, стандарт хэм хэмжээний тухай яриад ч хэрэггүй нь ойлгомжтой. Энэ асуудалд хотын ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ зэрэг эрх зүйн акт тавьдаг байгууллагууд анхаарлаа хандуулах ёстой. Нөгөө талаар 100 айлд монопол эрхтэй үйл ажиллагаа явуулдаг газрууд ч байдаг. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур зоргоороо худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэд хууль дүрэм сахиж ажиллах ёстой. Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа 1.3 сая иргэд 100 айл орчимд амьдардаг, худалдаа арилжаа эрхэлдэг 10 мянган иргэнээс болж хохирох ёсгүй” гэв.

IMG_9561-600x400 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

Төлөөлөгч Д.Бадарсан: “100 айлын асуудал нь зөвхөн СБД-ийн 10, 11-р хорооны иргэдийн асуудал биш, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ойр орчимд амьдардаг оршин суугчид, 100 айлын замаар дамжин зуслан руугаа зорчдог иргэд хохирч байгаа. Барилгын хортой материалын худалдаа, тоос бужигнасан орчинд эдгээр иргэд амьдарч байна. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь харж шийдэх нь зүйтэй. НИТХ-ын зүгээс  Хотын даргга С.Батболдод чиглэл өгч ажлын хэсэг байгуулаад, түүнд нь НИТХ-ын төлөөлөгчид орж ажиллан, мэргэжлийн байгууллагуудыг үүнд хамруулан хамтран ажиллах нь зүйтэй” гэлээ.

IMG_9562-600x400 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

Төлөөлөгч Л.Нарантуяа: Барилгын материалын захыг олон жил ярьсан. Захыг шууд нүүлгэнэ гэхээр иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Тэгэхлээр асуудлыг судалж, шууд нүүлгэнэ гэхээсээ илүүтэй ажлыг үе шаттай явуулах, мэдээллийг олон нийтэд зөв хүргэх хэрэгтэй. Ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг хориглож байгаа бол тэднийг эргээд хэрхэн ажлын байраар хангах вэ гэдэг асуудлыг тооцох нь чухал.

IMG_9584-600x400 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

Төлөөлөгч Ц.Баатархүү: 100 айл орчмын газрын иргэдэд ээлтэй, эрүүл ахуйн орчин бүрдүүлэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ нэршил, зорилгоо бид зөв тодорхойлох хэрэгтэй.  Үнэхээр нүүлгэнэ гэвэл нүүлгэх асуудлаа шат дараатай шийдээд, эс бөгөөс нэр томьёоны хувьд дахин төлөвлөлт гэж нэрлэвэл ямар вэ? Уг нь бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулаад  авчихвал эдийн засгийн олон боломж нэмэгдэж, асуудлыг олон талаас нь шийдэх гарц бий болно.

IMG_9590-600x400 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид юу хэлэв

Төлөөлөгч П.Батчимэг: “Ч.Гантулга  даргын хийсэн ажлын мэдээлэлтэй хорооны хурал дээр танилцсан. Ажлын хэсэг сайн ажиллаж, олон баримт мэдээлэл цуглуулсан байна.  Мэдээж 100 айлыг нүүлгэх асуудал амаргүй гэдгийг сайн ойлгож байна. Миний хувьд энэ ажлыг анхнаас нь дэмжиж, ирсэн төлөөлөгчдийн нэг. Цаг үеэ олсон чухал асуудал гэж ойлгоод дэмжиж байгаа. 100 айл орчимд хотын соёл, замын түгжрэлийн тухай яриад ч хэрэггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд НИТХ холбогдох газрууд руу нь чиглэл өгөөд нарийвчилсан судалгаа хийж, асуудлын цар хүрээг өргөтгөж ажиллах хэрэгтэй” гэсэн саналуудыг тус тус гаргалаа.

Төлөөлөгчид санал гаргаж дууссаны дараа тэдний хэлсэн саналыг  Хурлын тэмдэглэлд тусгаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад хурлаас үүрэг  болголоо.

Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга сонсголыг  ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Сонсголтой холбоотой асуулт, санал  хурлын төлөөлөгчдөөс гараагүй тул хэлэлцэх асуудлын дарааллын төгсгөлд орсон НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч Ж.Бямбадорж асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан нь дэмжигдэж НИТХ-ын хуралдаан хаалттай үргэлжиллээ. Гэвч ч энэ асуудал дараагийн чуулганаар хэлэлцэгдэхээр болж хойшиллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. нүүлгээч ээ 100 айл орчимоос шээс үнэртээд ариун цэврийн байгууламжгүй аймаар

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close