Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд БНХАУ-ын даргын тушаалд суух хугацааны хязгаарлалтыг үгүй болгохын төлөө санал өглөө. Ингэснээр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний төрийн тэргүүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2023 онд төгссөн ч албан тушаалдаа үлдэх боломжтой боллоо.
Хилийн чанадад бол Хятадын тухай хоёр л зүйлийг сайн мэддэг. Нэгд, тэнд маш олон хүн амьдардаг, хоёрт, капиталист нүүр царайтай коммунизм байгуулсан хэвээр байгаа. Гэхдээ ихэнх нь Хятадын лидерийн талаар бараг мэдэхгүй. Хятадууд ч өөрсдөө Ши дарга гэхээс өөрөөр мэдэхгүй л дээ.
Таван жилийн өмнө Хятадын жолооны ард дөнгөж зогсож байх үед нь Ши Жиньпинг “Дуугүй Ши” гэдэг байв. Хятадын даргыг уурлуулна гэвэл бүтэхгүй. Юу ч болсон нүүрэнд нь эелдэг инээвхийлэл ямагт тодорно гэж ярьцгааж байв.
Их үсрэлтийн хохирогч
Ши Жиньпин 1953 оны зургадугаар сарын 1-нд Бээжин хотноо намын нэртэй зүтгэлтэн, Хятадын Улаан армийн тодруун удирдагчдын нэг Ши Чунсюнийн гэр бүлд төржээ. Гучаад онд эцэг нь Шанси мужид партизаны нууц байгууллагыг үүсгэсэн хүн. Тэрээр японуудтай байлдан Баруун хойд Хятадын бүх мужийн ерөнхий командлагч гэдгээр алдаршжээ.
Мао дарга өөрөө “ард түмнээс төрсөн лидер” гэж нэрлэсэн Ши Чунсюнь намын Төв хорооны үзэл суртлын асуудал хариуцаж байлаа. Түүний карьерын оргил үе нь 1959 он болов. Намын VIII их хурал дээр тэр Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон Төрийн зөвлөлийн орлогч даргаар томилогдон, Маогийн дараахь хоёр дахь хүн болсон.
Гэтэл түүний намын карьерыг уран зохиол оролдсон нь баллав. Тэрээр тавиад оны эхээр өөрийн найз, түүхэнд “Хятад Будённый” гэж алдаршсан Лю Жиданы тухай ном бичжээ. Уг номондоо “улаан баатар Люгийн” ойрын хамтран зүтгэгч, Хятадын Улсын төлөвлөгөөний газрын дарга Гао Ганыг дурдсан байлаа. Ном гарснаас хоёр жилийн дараа Гао Ган ард түмний дайсан болжээ. Ши Чунсюний номыг нь намын их цэвэрлэгээ эхэлсэн 1962 онд санацгаалгүй л яахав.
Гэхдээ нэг их зарлаад байдаггүй өөр нэг шалтгаан бий. 50-иад оны сүүлчээр Мао Зэдун Их үсрэлтийн бодлогоо зарлан “Гурван жилийн тууштай хөдөлмөр-түмэн жилийн жаргал!” хэмээн хятадуудыг хурдтайгаар коммунизм байгуулахыг уриалав. Хажуугаас нь харахад бөөнөөрөө солиорсон мэт. Тосгодод бүх тариачдыг коммунд нэгтгэн хөрөнгийг нь нийгэмчлэв. Хотын коммунууд нь хашаандаа хэдэн зуун мянган бүдүүлэг домен зуух барин ямар ч чанаргүй ган хайлуулж эхлэв. Үр дүнд нь Их үсрэлт үзэгдээгүй их эдийн засгийн сүйрлийг авчрав.
Тариачид коммунаас зугтаж, Хятадад өлсгөлөн эхэлсэн байлаа. Зарим нэг дүгнэлтээр энэ туршилт хэдхэн жилийн дотор 45 сая хүний амийг авч одсон байна.
Үүний бурууг хэн нэгэн үүрэх ёстой. Мао намын цэвэрлэгээг зарлан хэдэн арван мянган намын удирдагчид ардын дайснууд боллоо. Тэдний тоонд Ши Чунсюнь оржээ.
Ардын дайсны хүү
Ши Чунсюнг аз ивээж эхэндээ шорон, лагерьт суусангүй. Зүгээр л бүх тушаалаас нь буулган Хэнань мужийн Лоян хотод байгуулагдаж байгаа тракторын заводын захирлаар Соёлын хувьсгал эхэлсэн 1967 онд илгээжээ. Лоян хотын заводын дарга Шийг үхтэл нь зодоод алиа салбадайн хувцас өмсгөн дүүжлэнэ гэж сүрдүүлэн талбайд сөгдүүлж суулгаад, хунвейбинчүүд бурууг нь хүлээлгэжээ. Ингээд лагерьт дахин хүмүүжүүлэхээр илгээсэн байлаа.
Залуу Ши тэр үед 13 хүрсэн байв. Ши эх Ци Шинь охин дүү Цяоцяо, бага дүү Юаньпин нарын хамт төрөлх ШаньШи мужид хотоос зугтан очжээ. Тосгонд тэд орон нутгийн хунвейбинчүүдийн гарт оров. “Тэднийг хувьсгалын эсэргүүгийн ар гэр” хэмээн тосгоны коммуны гахайг маллуулж, гахайн хороонд нь амьдруулжээ.
Олон жилийн дараа Ши Жиньпин нэгэн сэтгүүлд ярихдаа, “Өөрийн залуу наснаас би юуг санаж байна вэ гэвэл байнгын өлсгөлөн, хүйтнийг санана. Бас өдөр тутмын хүнд хөдөлмөр, харгалзагч нарын харгислал, байнгын ганцаардлыг санаж байна. Бараг долоон жилийн турш миний гэр гахайн балиар хороо байлаа. Би туйпуун ханз дээр унтаж, бөөс хуурстай хуучин бүтээлэг нөмөрч ирэв. Гахайтай нэг хувингаас ундаалж байлаа…” гэсэн байдаг.
Бохироос намын ван руу
Мао Зэдун нас барсны дараа засагт шинэчлэгч Дэн Сяопин гарч ирсэн 1977 онд байдал хувирлаа. Залуу Ши улс төрийн өөрчлөлтийг чигийг мэдэрч эхлэв. Эцэг нь лагерьт суусан хэвээр ч ар гэрийг нь гахайн хорооноос гаргалаа. Цагаатгалын ажлын хүрээнд түүнийг намын гишүүнээр элсүүлэн, гахайн фермийн намын үүрийн дарга болгов. Ши тэнд удаан үлдэхийг хүссэнгүй. Боломж гарангуут Бээжинд очин Уинхуагийн их сургуулийн хими-технологийн факультетад суралцах болсон байна.
Эцэг Шийг нь 1978 онд цагаатгалаа. Эхлээд түүнийг Лояны заводын даргаар буцаав. Дараа нь Дэн Сяопин түүнийг Гуандун мужийн захирагчаар томилжээ. Хожмоо Гуандун муж ирээдүйн эдийн засгийн гайхамшгийн гол түшиц газар болсон билээ.
Наяад онд ХКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнд орсон Чунсюнь, эдийн засгийн либералчлалын бодлогын авторуудын нэг болжээ. Мөн тэрээр “эдийн засгийн тусгай бүс”-ийн нийслэл Шэньчэнь хотын бүтээн байгуулалтыг давхар хариуцжээ. Энэ хот хожмоо Хятад капиталистуудын өлгий нь болсон билээ.
“Аавын хүү” ард түмэн рүү
Эцгийн далбаан дор залуу Ши дардан замаар явж болох байсан. Химийн инженерын диплом авсан тэр намаасаа карьераа эхлэв. Эцгийн дэмжлэгтэйгээр тэр Төрийн зөвлөлийн орлогч Гэн Бяогийн нарийн бичгийн дарга болов. Босс нь Цэргийн зөвлөлийн гишүүн учир тэр суудал баттай гэмээр байв. Эцэг нь хүүгийнхээ гэр бүлийн амьдралыг тохинуулж, Их Британид сууж байсан Элчин сайдын охин Кэ Сяоминтай гэрлүүлэв. Хуримын бэлэг болгон залууст баруун Бээжингийн Наньшагоу районд тансаг байр бэлэглэв. Одоо энэ районд барууны бүх Элчин сайдын яам байрладаг.
Гэвч тооцоотой гэрлэлт залуу Шид аз жаргал авчирсангүй. Тэд хэрүүл маргаантайгаар энэ амьдралаа өнгөрөөжээ. Боловсролтой, хээнцэр Кэ алхам бүрээ нам, тусгай албаны хяналтад байлгахыг хүссэнгүй. Тэрээр энэ бүгдийг орхин баруунд амьдрахаар явахыг нөхрөөсөө шаардана. Энэ нь эцэг, гэр бүлд нь том цохилт болно гэдгийг ойлгосон Ши татгалзаж байлаа. Тэд 1982 онд салж, Кэ Англид амьдрахаар явж, Ши Хятадад үлдэв. Тэр “аавын хүүгийн” карьер түүний амбицтай таарахгүйг ойлгоод бүх ажлаасаа халагдан мужид ажиллахыг хүсэв. Ингээд залуу Ши Шар тэнгисийн эргийн Чэнжин хот руу явжээ.
Тяньаньмэнийн дараахь үсрэлт
Чэндин хотод Залуу Ши гурван жил ажиллахдаа эртний сүмүүд, буддын хийдтэй ядуу хотыг аялал жуучлалын томоохон төв болгож чадсан байна. Ши Жиньпин энэ амжилтаа, “Чэндин бол миний хүмүүстэй ажиллах талаар суралцаж эхэлсэн газар юм” гэж даруухнаар дүгнэсэн нь бий.
Залуу Ши 1985 онд тушаал дэвшин Фужянь мужийн Сямэнь хотын дэд дарга болов. Мужийг тэр үед хувийн хэвшлийнхний капиталист диваажин гэж байлаа. Жиньпин хатуу гартай удирдагч гэдгээ харуулан 1986 оны зун хотод оюутны эсэргүүцэл гаргасангүй. Ши Жиньпиний хатууг гурван жилийн дараа Тяньанминийн талбайд болсон “оюутны жагсаал”-ын үеэр санажээ. Хятадууд өөрсдөө энэ үйл явдлыг ХКН-ын шинэ дарга, либерал Чао Зыянын намыг хуучинсаг удирдлагаас цэвэрлэх оролдлого байсан гэдэг. Оролдлого бүтэлгүйтэж, генералууд улс төрд оролцон жагсаалыг дараад намын дарга гэрийн хорионд насаа эцэслэжээ. Үүнийг дагаад улс оронд баривчилгаанууд явагдав. Эцэст нь Ши Жиньпины карьер огцом урагшилж 1989 онд тэр Фуцянь мужийн Хятадын ардын армийн тойргийн намын хорооны дарга болов. Хятадад ийм зиндааны бүсийн удирдагчид дээд элитийн залгамж хүчин болдог ажээ. Залуу Ши Бээжинд рүү дэвшинэ гэж байсан ч карьер нь мужийн удирдлага дээр гацав. Ерээд онуудад Шанхайн мэр байсан шинэ дарга Зян Зэмин өөрийн хотын хүмүүсээ л дэвшүүлж байсан нь үүнд нөлөөлсөн байж болох талтай.
2002 онд Хятадын Ерөнхий нарийн бичгийн даргаар Шигийн адил Цинхуагийн их сургуулийг дүүргэсэн Ху Жиньтао сонгогдсоны дараа Бээжин түүний талаар санасан юм. Удалгүй Ши тус орны хамгийн баян мужийн нэг Чежяны захирагчаар томилогдлоо.
Ерээд оны эхээр Ши Жиньпин “Хятадын армийн алтан хоолой” гэгддэг ардын болон армийн дуугаар олонд алдартай дуучин Пэн Лиюаньтай гэрлэв. Пэн Лиюань “дуугүй Ши”-гийн юунд нь болов гэх маягтай яриа тухайн үедээ өрнөж байлаа. Саяхан хатагтай Пэн энэ тухай ярихдаа, Жиньпиний болд мэт хатуу тууштай чанар, эмэгтэй хүнд хандах зөөлөн сэтгэл, мөнхийн амгалан байдлаас нь гаргах зүйл хорвоод үгүй мэт зан чанар нь таалагдсан” гэсэн байв.
“Гэхдээ түүний тайван амгалан байдал нь баг юм. Үнэн хэрэгтээ энэ хүн ямар их оргилуун, сэтгэлийн хөөрөлтэйг хэн ч мэдэхгүй” гэж Пэн Лиюань ярьсан байдаг.
Хосууд 1992 онд охинтой болж Ши Минзе гэж нэрлэв. Өнөөдөр Хятадын лидерийн охины талаар мэдээлэл ховор. Өөр нэрээр хэдэн жил Харвардад суралцаад ирсэн тэр Бээжинд амьдардаг. Бүсгүй Харвардад эрх зүй, урлагийн түүх, Английн уран зохиолыг судалжээ.
Шанхайн хэрэг явдал
Хятадын засгийн эрхийн төлөөх тэмцэл, тохиролцоо тав, зургаан жилээр түрүүлэн хийгддэг. Таван жилд нэг удаа намын их хуралтай. Намын номенклатуруудын өмнөх таван жилд нь хэдэн зуун удаа тохиролцсон шийдвэрийг их хурал нь баталж байдаг. Гэнэтийн эргэлт, гуйвалт, “соёлын” болон бусад хувьсгалыг Хятадад хэн ч дахиад хүсэхгүй болсон байгаа. Тэвчээргүй “гадаадынхны” хүссэн цагт нь биш гэнэтийн зүйл гараад ирдэг л дээ. Жишээлбэл, 2002 онд Хятадын удирдлагад Ху Жиньтао гарч ирээд 2012 он хүртэл удирдахаар болов. Гэтэл Ху Жиньтаог солих хүнийг 2007 онд Бээжинд яриад эхэлчихсэн байлаа. Намын их хурал дээр лидер нь залгамжлагч нараа дэвшүүлэн дараагийн таван жилд тэднийг аажмаар улсын дээд удирдлагын явцуу хүрээнд оруулах ёстой гэсэн уламжлал байдаг.
Үнэндээ бол тэр үед ХКН-ын ТХ-ны гишүүн, Шанхай хотын ХКН-ын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга асан, хожим Хятадын дарга болсон Зян Зэминийн хүчирхэг “Шанхай бүлэг”-гийн гишүүн Чэнь Лянъюйг “залгамжлагч” гэж үздэг байв. Чэнь Лянъюй өөрөө ч “бүлгийн хүчиндээ” бүрэн итгэсэн байснаас Төв хорооны хурал дээр Ху Жиньтаотай хэд хэдэн удаа зөрөлдөөд авчээ. Харин Улс Төрийн товчоо тийм “сагсуучуудыг” үл тэвчдэг.
Хятадын Аюулаас хамгаалах яамны туршуулууд 2006 онд Чэнь Ланъюйг гэнэтхэн баривчлав. Тэрээр орон нутгийн тэтгэврийн сангаас 400 сая ам.долларыг зориулалтын бус аргаар зарцуулж завшсан хэрэгт сэжиглэгдсэн ба хэргийг Шанхайн хотын даргаар томилогдсон “дуугүй Ши”-д хариуцуулсан байв. Ингээд Чэнь Лянъюй 18 жилийн ялаар шийтгүүллээ. Тэтгэврийнхний мөнгийг завшсан тэр хэрэгт “Шанхайн бүлгийн” хэдэн арван албан тушаалтнууд татагдан цэвэрлэгээнд орсон байлаа.
Ху Жиньтаогийн залгамжлагчийн нэрийг 2007 онд улс нь мэдлээ. Залгамжлагч нарын нэр зөвхөн Шигээр хязгаарлагдаагүй. Гол өрсөлдөгч нь Хятадын коммунист залуучдын эвлэлд карьераа хийж ирсэн Ляонин мужийн намын хорооны дарга асан Ли Көцян байв. Мөн “Шанхайн бүлгийн” гишүүн, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан Жоу Юнкан бас л гол хүний нэг байв.
Гэтэл 2008 оны Бээжингийн олимп бүхнийг шийдээд өгчихөв. Олимп зохион байгуулах ажлыг БНХАУ-ын орлогч дарга болсон Ши Жиньпин хариуцсан юм. Бээжингийн олимпийн ялалтын дараа хэн Хятадыг авч явах вэ гэдэгт эргэлзэх зүйлгүй болсон байв.
Тав дахь үе дөрөв дэх үеийн эсрэг
Хөндлөнгөөс харахад Хятадын улс төр Бээжин дуурийг санагдуулдаг. Тайзнаа ямар нэгэн үйл явдал өрнөх авч чухам юу вэ гэдэг нь сайн мэдэхгүй хүнд огт ойлгомжгүй. Мэддэг хүмүүс нь болж буй хэрэг явдлын утгыг тайлбарлахаар яардаггүй. Учир нь гадаадын “мангаруудад” дуурийн үйл явдал чухал бус, Бээжин дуурийн аяг жаяг, хөдөлгөөн, дохио зэргээр утга санааг нь гаргахад оршино гэдэг юм.
Яг ийм хууль л Хятадын улс төрд явагддаг ба үндсэн үйлдэл нь олноос далд. Олны өмнө Хятад улстөрчид ёслолын дохиог тууштай үзүүлнэ. Заримдаа Бээжин дуурийн хууль зөрчигдөөд ирэхээр далд хэсэг нь үзэгчдэд харагдаад эхэлдэг.
Нэг иймэрхүү зүйл 2012 оны есдүгээр сард ХКН-ын XVIII их хурлын өмнөхөн болжээ. Энэ их хурлаар Хятадын удирдлагын тав дахь үе Ши даргын хамт засагт гарсан билээ.
Их хурлын өмнө Ши Жиньпин хэдэн долоо хоног олонд харагдсангүй. Түүгээр ч барахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сингапурын Ерөнхий сайд, Оросын сайд зэрэгтэй уулзах байснаа цуцалж байв. Америкийн “The Washington Post” сонин Хонгконгийн эх сурвалжаас авсан мэдээний дагуу, “Ши Жиньпин үнэн хэрэгтээ Жоу Юнканы “армийн бүлэглэлийнхэнтэй” зөвлөлгөөн хийж байхад хүндээр зодуулсан” гэж бичсэн байв. Ширүүхэн ярианы өрнөл үеэр галзуурах шахсан генералууд БНХАУ-ын орлогч даргын толгойг сандлаар цөм цохих шахсан гэнэ. Ши Жиньпин хөх няцаа арилтал хэдэн долоо хоног гэртээ хэвтсэн гэж Америкийн сэтгүүлчид бичсэн байгаа юм.
Яахав, Ши Жиньпин өөрийг нь гомдоосон нөхдөөс хариугаа хангалттай авчээ. Их хурал өнгөрөөд жил ч болоогүй байхад Жоу Юнкан баривчлагдаж, авлигын бүхэл бүтэн багц хэрэгт буруутгагдлаа. Ийнхүү авлигатай тэмцэх сэдэв Ши даргын эхний бүрэн эрхийн хугацааны тэргүүн зорилт нь болсон билээ. Ши өнөөгийн Засгийн газрын тэргүүн Ли Көцянтай холбоотон болж, өмнөх элитийн хүрээний албан тушаалтнуудыг хатуу гараар зайлуулж эхлэв. Гэхдээ энгийн хятад хүмүүст хулгайн хэрэгт шигдсэн цэргийн болон намын дээд хэсгийг цэвэрлэж байгаа нь таалагдалгүй яахав.
Авлигын эсрэг кампанийн цар хүрээ нь гайхалтай. Тусгай албаныхан 2013- 2017 онуудын дөрвөн жилд нам, төрийн байгууллагын 1.35 сая ажилтныг цэвэрлэн зайлуулсан байв. Гэхдээ дээд удирдлагын хэдэн зуун тушаалтнууд цаазын ял сонсож, бүх насаар хоригдох ял авчээ.
Шүүгдсэн томчуудын дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч Го Босюн, Цэргийн төв комиссын орлогч дарга Сюй Цайхоу, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Жиньтаогийн гол туслах байсан Линг Жихуа, бас нэг “өв зөлгөмжлагч ханхүү” бөгөөд бүх Хятадыг хамарсан бизнесийн вант улсыг бүтээгч, Арилжааны сайд асан Бо Шилай нар байлаа. Дашрамд хэлэхэд Ши Жиньпинд Бо Шилайтай тооцоо бодох шалтгаан бий. Бо Шилай хунвейбиний үеэр ахмад үеийнхнийг мөрдөн мөшгөх Бээжингийн отрядын дарга нь байжээ. Олон нийтийн дунд Бо Шилай төрсөн эцгээ хүртэл өрөвдөлгүйгээр байцааж, бүх хавиргыг нь хугалсан гэсэн яриа бий. Бо Шилайтай хамт түүний эхнэр Гу Кайлайг баривчлан, британи бизнесмен Нил Хэйвудыг хөнөөсөн гэж буруутгав. Британи эр хятад албан тушаалтнуудын мөнгийг оффшорт байршуулхад тусалдаг байв. Ингээд Гу Кайлай цаазын ял сонсож, Бо Шилай бүх насаараа хоригдох ял авав.
Сонирхуулахад, Жоу Юнканы “Шанхайн бүлэглэлийг” бут ниргэсэн нь оросуудыг багагүй түгшээв. Засгийн газрынхаа өмнөөс Хятадын нефть, хийн компанийг хариуцаж байсан Жоу Юнкан л “Сила Сибири” хэмээх Хятадад очих хийн хоолойг дэмжин санаачлагч нь байсан юм. Харин тэр цагт Ши Жиньпин тус орны аж үйлдвэр хөгжсөн Зүүн өмнө хэсгийн төлөөлөгч, жинхэнэ барууныг барьсан улстөрчөө харуулан “ногоон” эрчим хүчний хөгжил, мөн Катар, Малайз, Индонезийн нийлүүлдэг шахмал хийн зах зээлийн асуудал ярьсаар тодорсон юм.
Гэтэл Ши Жиньпин удалгүй хурц байр сууриа эерүүлж, “Газпром”-тай харилцаа тогтоов. Үүгээрээ тэр Оросын шилдэг холбоотон гэдгээ харуулахын зэрэгцээ Оросыг “Эдийн засгийн торгон зам” ба “XXI зууны далайн торгон замынхаа” гол түншээ болгосон “Нэг бүс-Нэг зам” нэртэй санаачлагаа дэвшүүлэв.
Гурав дахь бүрэн эрхийн хугацаа
Ши даргыг залгамжлах хүний тухай яриа эртнээс өрнөж байв. Өнгөрсөн оны аравдугаар сард болж өнгөрсөн Бүх Хятадын коммунист намын XIX их хурал ч энэ талаар тодорхой болгоогүй юм. Хэрэв Ши Жиньпинд Хятадын дээд удирдлагын “зургаа дахь үеийн” тухай ямар нэгэн санаа бодол байсан бол тэр түүнийгээ дотроо үлдээв. Мужийн залуу захирагчдаас хэн нь ч засгийн дээд эгнээнд уригдсангүй. Түүгээр ч барахгүй “зургаа дахь үед” орох магадлалтай “залгамжлагч” нараас авлигын хэргийн шинэ сэжигтнүүд гарч ирэв. Жишээлбэл, Чунчин хотын намын хорооны дарга Сунь Чэнцайг намын даргад нэр дэвших магадлал өндөртэй гэж тооцож ирсэн ч их хурлын өмнө түүнийг бүх тушаалаас огцруулан нам, төрийн өндөр тушаалтнуудын элитийн шорон Циньчэнд суулгалаа.
Ши дарга 2022 онд Үндсэн хуулийн дагуу албан тушаалаа шилжүүлэхэд, өнөөгийн ХКН-ын УТТ-ны гишүүд, Төрийн зөвлөл ба Цэргийн зөвлөлийн болон Ши даргын орлогч нарын хэн нь ч засгийг залгамжлах хүмүүс гэж зарлагдаагүй байна. Учир нь, Хятадын дээд засаг бараг тэр чигтээ л тэтгэврийн 70 нас хүрсэн улс. Үндсэн хуулийн шинэ засвараар тэдэнд засаг барих зам нь нээлттэй болов.
Ши дарга 2022 онд дөнгөж 69 нас хүрэх нь Хятадын удирдлагын хувьд ид цэцэглэлтийн нас юм. Дэн Сяопин цөллөгт олон жилийг өнгөрөөсний дараа 73 насандаа л Хятадын лидер болсныг сануулахад илүүдэхгүй байх. Харин Мао Зэдун дал хүрсэн цагтаа удирдахын амтанд ханаж цадаагүй л байв.
Ши Жиньпинд гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа засаг барих боломж олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яриа хоосон таамаг байгаагүй нь батлагдаад байна. Хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд ээлжит чуулганаараа БНХАУ-ын дарга ба түүний орлогчийн бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт тавьсан заалтыг хүчингүй болгохын төлөө саналаа өглөө.
Энэ өөрчлөлт нь Ши Жиньпинд 2023 онд түүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа дахин сонгогдох боломж нээж өгч буй юм.
Эх сурвалж: Eagle.mn