-Үхлийг сонгоё л гээгүй бол сонирхох ч хэрэггүй-
Хор уршгийг нь мэдэхгүй балчир насандаа хар тамхи, мансууруулах бодист донтон, амьдралынхаа 10 гаруй жилийг торны цаана өнгөрөөсөн Г.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр нэрээ хэвлэлд бичихийг зөвшөөрсөн бөгөөд “Каннибал Тулгаа гэдгээр минь эрүүгийнхэн андахгүй” хэмээсэн. Цагаан тахлын хор хөнөөлийг залуустаа сэрэмжлүүлэх зорилгоор түүнтэй ярилцсан юм.
-Хэзээнээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн юм бэ?
-1990-ээд он хүртэл оросууд Монголд олноороо байдаг байлаа шүү дээ. Манай байранд ч орос хүн цөөнгүй амьдардаг байв. Зун “Найрамдал” зусланд орос найзуудтайгаа амарч байхдаа сонирхож, зэрлэг олсны ургамал анх татаж үзсэн юм. 1998 онд ОХУ-д хэсэг амьдрахдаа муу юм их сурсан даа. 2000 онд Монголдоо ирээд хил дээр орос найзтайгаа хамт тагнуулынханд баригдан, шүүхээр шийтгүүлсэн.
-Таныг хар тамхи хэрэглэснийг яаж илрүүлсэн юм бэ?
-“Хурд” хамтлагийн тоглолт Монгол бөхийн өргөөнд болох үед цагдаа нар залуусыг тойруулж зогсоож байгаад нэгжлэг, үзлэг хийж, сэжигтэйг нь баривчилсан. Хар тамхи хэрэглэдэг залуусыг хуулийнхан аль эртнээс тандаж, судалж, мэдээлэл цуглуулж байсан юм билээ. Тэр үед орос найзтайгаа хамт баригдаж, нэг жил зургаан сар хорих ял сонссон.
Ял эдэлж гарч ирээд 2004 онд дахиад баривчлагдсан. Бараг л 20 орчим жил мансуурчээ. Одоо хамаг бие өвдөөд өнөө, маргаашгүй нүд аних гээд байгаа юм шиг л байна. Уушги усжсан, эмчийн хяналтад байнга байдаг.
-Мансууруулах бодис хэрэглэх, зарж борлуулах, зөөвөрлөхийг манай улс хуулиар хориглодог. Тийм ч амар олдохгүй. Та яаж олдог байв?
-Сая нэг хэсэг БНХАУ-д байхдаа мөс хэрэглэж үзсэн. Жаахан хэрэглэж үзээд болино гэж бодсон ч донтчихдог юм билээ. Хар тамхи, мансууруулах бодис өөр зүйл. Химийн урвалжаар гаргаж авсан мөс зэрэг бодис нь илүү аюултай. Гэтэл үүнийг Монголд их хэрэглэж байна. Би хар тамхи худалдаж авдаггүй. Монголд ургадгийг нь түүж хэрэглэдэг байсан.
-Манай улсад хар тамхи борлуулдаг томоохон сүлжээ бий гэдэг. Та энэ талаар мэдэх үү?
-Байгаа. Ашгийн зорилгоор оруулж ирж байна. Урлаг, соёлынхон багагүй хэрэглэдэг шүү дээ. Тэр ч бүү хэл, хууль, хүчний байгууллагынхан ч холбогдсон байдаг.
-Үхэлд хүргэх энэ аюулаас гарч чадсан гэсэн. Яаж гарсан юм бэ?
-Төв аймаг дахь Мааньтын хорих ангиас өнгөрсөн зургадугаар сард суллагдсан. Тэр үеэс л хар тамхи, мансууруулах бодисыг бүрмөсөн хаясан. 2014 онд Замын-Үүдийн боомт дээр хар тамхины хэргээр ЭЦГ-ынханд баригдсан юм. Ингээд Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хоригдох ял сонсож, гурван жил суугаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.
Амьдрал, ар гэрээ бодож, хар тамхи хэрэглэхгүй байх том зорилт тавьж, түүндээ хүрэх гэж хичээх тусам хэцүү санагдаж байв. Тэр үедээ архи ууж, хүслээ дардаг байлаа. Мөн Наркологийн төвд эмчилгээ хийлгэсэн. Түр зуурын хүслээ дарж чадвал гайгүй болдог. Улаанбаатар хотод мансууруулах бодисын хэрэглээ замбараагүй болжээ.
Нийгмийн доод давхаргынхан архи ууж, дээд хэсгийнхэн мансуурч байна. Энэ нь мөрдэстнүүдэд ашигтай учраас бүрэн дарж устгах сонирхол байхгүй гэж харддаг. Тэд хийх ажилтай, тушаал ч ахиж байна шүү дээ.
-Цагаан тахал эрүүл мэнд, эд хөрөнгийг бүхэлд нь залгидаг гэдэг. Таны биед ямар өөрчлөлт гарч байна?
-Яаж эрүүл саруул байх билээ. 72 кг жинтэй байсан бол 58 кг болтлоо турсан. Бие байнга хөлөрч, амьсгаадаж, гар, хөл салгалаад, эрүүл хэрнээ согтуу хүн шиг толгой эргэн, нүд эрээлжлээд байнга зовиуртай байдаг. 30 нас гараад ирэхээр хор хөнөөл л илүү мэдрэгддэг юм байна. Би ХӨСҮТ болон өөр нэг хувийн эмнэлгийн хяналтад байдаг.
-Мансуурсан үед хүний нүдэнд хий юм харагддаг гэж сонссон. Үүний уршгаар амиа алдсан тохиолдол бий. Эрсдэлтэй алхам хийж байв уу?
-Хүн бүрийн сэтгэл хөдлөл, зан авирт өөрөөр нөлөөлдөг. 1990 оны сүүлчээр найз охин минь мансуурсан үедээ цонхоор унаж, амиа алдсан юм. Тэрнээс хойш надад эрүүл ухаантай өдөр гэж бараг байгаагүй. Сэтгэлээр их унаж, гуниглан, уйлж, дуулаад л суудаг байсан. Амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдож үзсэн. Хувь тавилан орхисон мэт санагдаж байлаа.
-Та дөрвөн удаа хоригджээ. Хорих ангиудын нөхцөл, байдал ямар байдаг бол?
-Өнгөрсөн долдугаар сараас шинээр хэрэгжсэн Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой нөхцөл, байдал өөрчлөгдсөн. Хоригдлууд бүгд жигд хувцаслаж, ижилхэн хоол иддэг болсон. Сүлжээ унагаагч байрлуулсан учир гар утас хэрэглэж чадахаа байсан. Өмнө нь өөрсдөө хоолоо хийж иддэг, гар утас хэрэглэдэг, эмэгтэйчүүд авчирдаг гээд замбараагүй байлаа.
Мааньтын хорих ангид DJ Өөжийтэй хамт хоригдож байхад ЭЦА-ныхан сард нэг удаа ирж, сорил тавьж, нохой авчирч танддаг байсан. Мааньтад хар тамхи хэрэглэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан юм билээ л дээ.
-Хорих анги руу оруулаад байдаг юм биш үү?
-Оруулж чадахгүй ээ. Харин Булган, Зүүнхараагийн хорих ангид өвс ургадаг байсан.
-Мааньтын хорихоос суллагдсаныхаа дараачаас хар тамхи хэрэглээгүй гэхээр хоригдож байх хугацаандаа ийм шийдвэр гаргасан юм уу?
-Тийм ээ. Тэнд байхдаа их зүйл бодсон. Цаг хугацаа хүнд ухаарал өгдөг юм билээ. 10 гаруй жил шоронгоор явжээ. Хайран цаг хугацаагаа алдаж, ар гэрийнхнээ зовоосондоо маш их харамссан. Би яах вэ, зовлогоо зовоогоод, үүрэх ёстойгоо үүрээд явлаа гэхэд ар гэрийнхэн минь амьдын тамд унаж, шаналж үлдсэн. Умгар өрөөнд наймуулаа чихэлдэж, цувдай голдуу идэж, эрхээ хасуулах юу нь олигтой байх билээ.
Булган аймгийн онцгой дэглэмтэй хориход ял эдэлж байхдаа өдөржингөө чулуу цохиж, уулын модонд явдаг байв. Дүн өвлийн хүйтэнд буутай цэргүүдээр мануулаад, том лантуу барьж, тамираа тасартал чулуу цохиход хүнд юм бодогдоно шүү дээ. Мааньтад хоригдож байхдаа өглөөнөөс үдэш хүртэл шохой шатаадаг байлаа. Манай улсын хорих газрууд хүнийг засах биш, эвдээд байх шиг санагддаг.
Ангийн дарга, төлөөлөгч нар өөрийнхөөрөө байгаа хүнд дургүй. “Хажуудахаа худалд, бидэнд бялдуучлах ёстой” гэсэн хандлагатай. Эсвэл хов зөөж, нэгнээ матсан хүнд их сайн. Ийм зан сурчихаар наранд гарч ирээд яаж амьдрах вэ. Гэхдээ би хорих ангиудад номын санч хийдэг байсан. Юм бичих, ном унших дуртай.
Одоо хуучин монгол бичгээр бичсэн түүхэн номыг кирилл рүү хөрвүүлж байна. Бас “Мааньтын тэмдэглэл” гээд нийтлэл бичсэн. Удахгүй хэвлэлд гаргана.
-Та эхээс хэдүүлээ билээ?
-Гурван дүүтэй, айлын том. Би уг нь эхнэр, хүүхэдтэй байсан. Над шиг хүнтэй яаж амьдрах билээ, хоёр тийш болсон. Хүүтэйгээ уулздаг. Ээж минь “Миний хүү одоо дахиж алдвал бие чинь дийлэхгүй шүү” гэдэг юм. Архи уугаад ирвэл бараг баярлана. Нөгөөхөө л хэрэглэхгүй бол болж гэдэг. Эвий дээ, ээжийгээ ийм байдалд оруулсандаа харамсаж л сууна.
-Манай улсад хар тамхины хэрэглээ газар авсаар байхад оноох ял бага санагддаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Хил гаалиар мөс оруулж ирэх, шарилж татсан хүүхэд хоёрт адилхан ял оноож байна. Саваагүйтэж татах, ашиг олох зорилгоор бусдад хор зарах хоёр өөр шүү дээ. Уг нь хор уршгийг нь тооцож, ялгамжтай ял ногдуулах хэрэгтэй. Хар тамхи байнга зарж борлуулдаг нэг нөхөр дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял авсан байх жишээтэй. Мань мэтийг бол шууд л хорино.
Тамхи, мансууруулах бодис зарж борлуулдаг томоохон сүлжээнийхэн цагдаагийнхантай холбоотой. Нэг нэгэндээ мэдээлэл дамжуулаад л цолоо нэмж байна. Би анх тагнуулынханд баригдахдаа 60 хэдүүлээ байсан. Тэднийг бүгдийг нь хамгаалаад орос найзтайгаа хоёулаа ял авч байв. Харин одоогийн залуус ялаас мултрах гэж нэг нэгэн рүүгээ чихдэг, барьж өгдөг болж. Мөнгийг нь авчихаад л “Сая аваад гарлаа, тэнд яваа” гээд л цагдаад матчихдаг.
-Манай улс донтсон хүмүүсийг эмчлэхэд төдийлөн анхаардаггүй. Одоо ямар нэг эмчилгээ хийлгэж байна уу?
-Манай улсад донтолтын эсрэг цогц эмчилгээ байхгүй, хордлого тайлж, сэтгэл засал хийдэг. Энэ хор хөнөөлөөс хөндийрөх, эсэхийг хүний ухамсар л мэднэ. Амьдрал, ар гэрээ бодъё гэвэл хаяж чадна. Анагаах ухаан аварч чадахгүй. АНУ-д эмчлүүлсэн нэг нөхөр эргээд хэрэглэж л байна. Хэрэглэхгүй бол нүдний өмнө хөшиг татсан мэт санагддаг байсан.
Одоо хар тамхи бүү хэл, 100 грамм татахад л бие дийлэхээ больжээ. Хэдэн жил ээждээ харагдаж явахаа бодъё доо. Энэ хүсэл мөрөөдөлдөө хүрнэ дээ. Хүслээ биелүүлэхэд минь олон хүн тусалж, дэмжиж байгаа. Тэдний нэг бол Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн. Хоригдож байхад эргэж очиж, эмнэлэгт хэвтүүлэн, эм тариа авч өгсөн.
-Та залуу хүн байна. Ажил хийх бодол бий юү?
-Шоронгоос гарсан хүн нийгэмд хөлөө олоход их хэцүү юм. Ажилд орох гэхээр цагдаагийн тодорхойлолт хэрэгтэй болж байна. Ярилцлагад нь тэнцэж, нэг газар ажиллахаар боллоо. Гэтэл маргааш нь утасдаад “Манай хуулийн зөвлөхтэй уулзаарай” гэв. Тэр зөвлөх нь “Ял эдэлж байсан юм байна. Авах боломжгүй. Тэнсэн харгалзах хугацаагаа дуусгаад ирээрэй” гэсэн.
Хулгай, дээрэм хийгээгүй, хар тамхины хэргээр шоронд хоригдож, шийтгэлээ хүлээсэн. Надад улсад учруулсан хохирол байхгүй гэж хэлээд ч нэмэр болоогүй. Бүх газар ийм шалтгаанаар ажилд авахаас татгалздаг.
-Одоо ямар нэг ялгүй биз дээ?
-Тэнсэн харгалзах ялтай.
-Алдаж, оноход найз нөхдийн нөлөө их байдаг шүү дээ. Уруу татахаар ирнэ биз?
-Хүмүүстэй бараг уулзахаа больсон. Гар утасны дугаараа хэд хоноод л сольдог. Тэгэхгүй бол “Юм байна хэрэглэх үү, эсвэл олоод өгөөч” гээд салдаггүй юм.
-Анх сонирхож хэрэглэж үзсэн хар тамхи, мансууруулах бодис гээч таны амьдралд маш том хар толбо үлдээжээ. Өсвөр үеийн залууст хандан энэ аюулаас хол байх талаар юу хэлэх вэ?
-Хүсэх юм биш шүү, эрүүл бие, саруул ухаангүй, эрэмдэг нэгэн болохыг хүсээгүй л бол энэ тахлаас хол яваарай. Одоо бүх бие минь өвдөж, эмчийн болон цагдаагийн хяналтад байдаг. Ар гэрийнхэн минь сэтгэлийн түгшүүртэй амьдарч байна. Цагаан тахлын балгаар саяхан хэд хэдэн хүн амиа алдсан.
Гандан бороо, “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөрийн дүү Даш мансууруулах бодистоо хахаж үхсэнийг та бүхэн мэдэж байгаа биз. Үхлийг л сонгоё гээгүй юм бол сонирхох ч хэрэггүй. Хүн эрүүл байх шиг жаргал үгүй. Сүүлийн үед телевизээр хар тамхи, архидалт, алаан хядаан, садар самуун явдал сурталчилсан кино их гаргах болжээ. Энэ нь хүүхэд залуусыг гаднын муу зүйлд уруу татаж байна шүү дээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2 comments
ene bol bidniig shuud duusgah tahal. arhind bid herhen dontoj baina, uund bur iluu dontood duusna.
Tsagdaagiihanii neg muu tal ni hereg ilruuleed uramshuulal avdag, tsol nemdeg uuniig boliulah yostoi. Heregsehgui bolgochih yumiig shuud eruugiin hereg bolgochihdog. Gehdee har tamhitai uuruur, mash hatuu shiitgeh ni zuv baih.