2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын үр сад бид энэ цаг үед түүхээ умартаж, соёлоо түгээхэд төр засаг ч тэр, түүний иргэн болсон бид ч хойрго хандсаар ирснийг өнгөрсөн дугааруудад “Орхигдсон музей” цуврал нийтлэлээрээ хөндсөн. Бид энэ сэдвийг үргэлжлүүлж байна. Ингэхээс ч өөр арга зам алга гэдгийг энэ цаг үе маань тод томруунаар харуулж байх. Эргэн тойрон өндөр барилга. Зай завсаргүй шахуу барьсан энэ барилгууд дунд цонх нь хагарч, будаг шавар нь унаж балгас болсон хоёр давхар байшин байх. Шинэ үе, мянганы монгол үрс түүхээ, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна.

Үгүйдээ л ерөнхий боловсролын сургуульд музей, соёлын өвөөр аялуулах хөтөлбөр багтаагүй байх жишээтэй. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, өв, олдворууд юм. Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээх нь бидний үүрэг гэлтэй. Тиймдээ ч “Үндэстний ТОЙМ” сэтгүүл орхигдсон салбар болох түүх, соёл, шинжлэх ухаан, архив зэрэгт тулгамдаж буй асуудлыг цувралаар хөндөж байгааг дахин тодотгоё.

Ерөнхий сайд, нийслэлийн удирдлагуудад хаяглав Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт өсч, шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж өдгөө 1.2 сая хүнтэй болсон Улаанбаатарт газар эзэмших, өмчлөх асуудал нэн ярвигтай. Хаана хашаа хатгаж, барилга байшин барьж болох газар байна тэд бүгд эзэнтэй болсон. Тэгвэл Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ хоёр давхар 521 ам метр талбайтай барилга балгас болтлоо “нурсан” ч газарт нь халдаж чадахгүй байгаагийн учир нийслэлийн түүх соёлын дурсгалын жагсаалтад багтсан соёлын өв болохоор тэр. Соёлын өв юм бол төр засгийн удирдлагууд яагаад анхааралдаа авахгүй байгаа юм гэж та бодож магад. Үе үеийн нийслэлийн Засаг дарга, Соёл урлагийн газар энэ асуудалд хайхрамжгүй хандаж ирсний баталгаа болсоор цагтаа Хүрээний хамгийн өндөр байшин гэгддэг байсан энэ түүхийг, өвийг дурсах хүн одоо тун ховор болж, орчин үеийн хүмүүсийн уур ундууцлыг төрүүлсэн байдалтай байна.

Үе үеийн нийслэлийн Засаг дарга, Соёл урлагийн газар энэ асуудалд хайхрамжгүй хандаж ирсний баталгаа болсоор цагтаа Хүрээний хамгийн өндөр байшин гэгддэг байсан энэ түүхийг, өвийг дурсах хүн одоо тун ховор болж, орчин үеийн хүмүүсийн уур ундууцлыг төрүүлсэн байдалтай байна. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт анх энэ байшинг бариулжээ. Одоогийн хаяг нь Баянзүрх дүүргийн VI хороо. 1914-1915 онд баригдсан энэ барилгыг түүнийг нас эцэслэнгүүт байшинг шилжүүлэн Баянзүрх дүүргийн VI хороонд авчирсан юм байна. 1919 оны эхээр ОХУ-ын Засгийн газраас Монголд ажиллуулахаар томилсон мэргэжилтэн Козин суудаг байжээ. Тэрээр ой модны түрээсийн татвартай холбоотой асуудлыг эрхэлж, монголчуудад мод авах эрх өгдөг байсан аж.

Түүнийг гоожин гэж нэрлэдэг байсан, одоо ч энэ нэрээрээ байгаа. Тухайн үед нийслэл хүрээнд хоёр давхар байшин цөөхөн байсан. Байсан хэдийгээ өндөр гэж нэрлэдэг учраас “Гоожингийн өндөр” гэгдэх болсоор е100 жил болжээ. Сангийн яам, Оросын цэргийн сургагч багш нарын байр, Жанжин Д.Сүхбаатарын контор, Ю.Цэдэнбалын гэр, оюутны байр зэрэг зориулалтаар ашиглаж байсан энэ барилгыг Сайд нарын зөвлөлийн 1971 оны арванхоёрдугаар сарын 28-ны 420 тоот тогтоолоор улсын хамгаалалтад авч байсан аж. Үндсэндээ социализмын үед барилгыг нийслэлийн хамгаалалтад авсан ч ардчиллын дараа хувьчлагдсан. Нэгэнт эзэмших эрх нь хувь хүнд шилжсэн учраас асуудал ярвигтай болж өнөөг хүртэл нэг талд шийдэж чадахгүй байна. Барилгыг өмчлөгч иргэн нийслэлийн Соёл урлагийн газар санал бичиж, хүсэлт гаргаж байжээ.

Учир нь, “Энэ барилгыг худалдаж авахгүй бол нураана” гэдэг байна. Нийслэл нурааж болохгүй гэхээр өмчлөгч тал 250 сая төгрөгөөр худалдаж авах хүсэлт гаргажээ. Гэсэн ч энэ асуудал шийдэгдээгүй, нийслэл ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. Энэ асуудлаар Э.Бат-Үүл даргын үед ажлын хэсэг гарч ажилласан ч дорвитой шийдэлд хүрээгүй, сонгууль болоод замхарчээ. Одоо тэгээд яах вэ? Өмчлөл нь хувьд учраас төр-хувийн хэвшилтэй хамтарч ямар нэг төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг байна. Томоохон компаниуд хувийн өмчийг сэргээн засварлахгүй гэдэг. Ерөнхийдөө эзэнгүй болсон. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар өмчилж байгаа хүн болон нийслэлийн Засаг дарга тодорхой арга хэмжээ авах ёстой ч энэ асуудалд аль аль нь анхаарлаа хандуулаагүйгээс харах хандах хүнгүй эзэнгүйджээ. Уг нь Дорнод Сибирийн уламжлалт загвартай энэ барилгын хийц, хээ, модон араам хэвээрээ байгаа аж.

Үндсэндээ хадгалалт хамгаалалтын хувьд муу ч архитектурын хэв шинжээ хадгалж үлдсэн барилга учраас сэргээн засварлах бүрэн боломжтой гэж судлаачид үздэг байна. Монгол Улсын анхны Ерөнхий сайдын амьдарч байсан энэ байшинг сэргээн засварлаж, Т.Намнансүрэнгийн гэр музей байгуулж, хүүхэд багачуудад сурталчлан таниулах ажил хийх ёстойг судлаачид хэлж байна. Хойч үедээ тусгаар улс болж, анхны Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний талаар танин мэдүүлж, түүх соёлын ой санамжийг сэргээх ёстой. Орхигдсон соёлын өвийн бодит жишээ энэ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг шат шатандаа мөрдөхгүй байгаагийн жишээ ч гэж хэлж болно. Үүний тулд өмчлөлийн асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Улс худалдаж аваад гэр музей байгуулвал болохгүй гэх газаргүй. Нийслэл шийдэж чадахгүй байгаа бол гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны Ерөнхий сайдынхаа амьдарч байсан байшинд анхаарч, тогтоол шийдвэр гаргая. Ингэж шийдэхгүй явсаар энэ байшинг гэнэтхэн нурааж, өндөр барилга барьчих вий гэх болгоомжлол, хардалт өдрөөс өдөрт төрж байна. Нийслэлийн хамгаалалтад байсан “Зүүн хүрээний нууц бүлгэм”-ийн байшинг тэр жилийн наадмаар гэнэтхэн нураасан гашуун түүх бий. Ингэж хууль журмаас давсан алдааг дахин давтагдуулахгүйн тулд одоо л асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

“ҮНДЭСТНИЙ ТОЙМ” СЭТГҮҮЛ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн