“Сонгогчийн үг” булан энэ удаа Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын байр суурийг хүргэж байна. Хэнтийчүүд итгэл үзүүлж төрд илгээсэн залуу гишүүн Д.Гантулгад ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн Г.Гэрэлмаа: БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТӨР БАРИНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ?

-Залуу хүн, төрийн түшээ хүн, Хан Хэнтий нутгийн эрчүүдийн нэг Д.Гантулгыг жигшүүртэй үйлдэл хийсэнд нь сонгогчийн хувьд, эмэгтэй хүний хувьд, олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”-ийн I, II одонтой ээж хүний хувьд би маш их харамсч, өмнөөс нь ичиж байна. Шалгуулаасай, эцсийг нь хүртэл шалгуулж үнэн зөвийг тогтоогоосой гэж бодож байна. Биеэ зөв авч явж чадахгүй буруу юм хийсэн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ийм хүнд итгэл үзүүлж, төрд гаргаснаар сонгогчид бид өөрсдөө шившиг болно гэж яаж санах вэ, эвгүй санагдаж, ичиж, бухимдаж байна. Бид тэр хүнд итгээд төрд гаргасан, одоо эргээд нүүр хийх газаргүй боллоо. Иймээс энэ асуудлыг нэг мөр болоосой, биеэ зөв авч явж чадахгүй хүн төр барина гэж юу байх вэ эргүүлж татах хэрэгтэй.

 

 

Хэнтий аймгийн иргэн Г.Эрдэнэчимэг: ХЭНТИЙЧҮҮД Д.ГАНТУЛГЫГ УУЧЛАХГҮЙ

-Нутаг орныхоо төлөө их юм хийх байх гэж итгээд төрд сонгосон. Ийм хүн байх юм гэж санасангүй. Өөрийн нэр хүндийг ч алдчихлаа, нутаг усныхаа нэр төрийг ч унагаалаа.

Залуу хүн ийм зан ааш гаргана гэдэг цааш төр барина гэдэг бүтэхгүй. Шүүх, хуулийн байгууллагаар үнэн мөнөө шалгуулж зөв, буруугаа шударгаар тогтоолгоосой. Буруутай бол уучлал гуйх хэрэгтэй.

Тэр хүнийг нийгэм харж байна, буруу жишиг тогтох вий. Сонгогч бидний хувьд, ер нь манай нутгийнхан тэр хүнийг уучлал гуйлаа гээд уучлахгүй гэж ярьж байгаа. Итгэл үзүүлж байхад ёс бус юм хийсэнд нь маш их харамсч байна.

 

 

 

Хэнтий аймгийн иргэн Ж.Баярсайхан: БИД ӨӨР ХҮН СОНГОЖ ЧАДНА

-Хувь хүний талаар ярих сонирхол алга. Гэхдээ Хэнтий аймгийн ард түмнийг төлөөлж төрд сонгогдсоныхоо хувьд ажил хийсэн бол зүгээр байх байсан юм.

Гэтэл болчимгүй зангаасаа болж элдэв явдалд холбогдсон нь харамсалтай. Нэр сүр, цаашдын ажил амьдралд нь хар толбо суулаа. Хойчоо бодохгүй харалган үйлдэл хийсэн нь өөрийнх нь ирээдүйд л муу.

Хэнтийчүүд бидний хувьд хүн мундсан биш орных нь хүнийг олоод тавьчих чадал бий. Хүнийг муучлах юм алга, сайн гэж магтах ч юу байх вэ, бодит байдал ийм байна.

 

 

Хэнтий аймгийн иргэн Д.Дуламсүрэн: ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Манай нутгийнхан, сонгогчид бид маш их гайхаж байгаа. Залуу хүнийг төрд гаргахаар онгирч сагсуураад ийм явдал болов уу гэж хүртэл бодох юм.

Тийм хэрэг хийсэн нь үнэн бол хариуцлагаа хүлээж, тэр эмэгтэйгээс ч, сонгогч биднээс, нутгийнхаа ард иргэдээс уучлал гуйх хэрэгтэй. Гол нь үнэн зөвийг нь тодруулах хэрэгтэй байна.

 

 

 

 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Д.Ганболд: ЭРҮҮЛ ХҮНЭЭС ТИЙМ ҮЙЛДЭЛ ГАРАХГҮЙ

-Сонгосон төрийн түшээ маань шившигтэй үйлдэл хийсэн нь бидэнд маш ичгэвтэр байна.

Хууль, шүүхийн байгууллага нь шийдэх байх. Дээр байгаа өндөр албан тушаалтан, хариуцлагатай, ёс зүйтэй байх хүн ийм байхаар дор байгаа залуус, хүүхдүүд яах вэ.

Энэ бол Их хурлын гишүүн байтугай жирийн иргэн, эрүүл хүний хийх үйлдэл биш. Сайхан нутгийнхаа ард түмний нэр, төрийг бодоход яана вэ.

 

 

 

Жаргалтхаан сумын иргэн Ш.Гэрэлмаа: ДАХИН СОНГУУЛЬ ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ

-Залуу хүний хувьд нутгийн хөгжил, иргэ­дийн амьдралыг дээшлүү­лэхэд идэвх, санаачил­гатай сайн ажиллах болов уу гэж сонгосон.

Гэтэл эсрэгээрээ сонгогч бидний нүүрийг улайлгаж, чихийг халууцууллаа. Хариуцлагагүй түшээг эргүүлэн татаж, дахин сонгууль явуулах нь зүйтэй. Буруу, бусармаг үйлдлийг нь өөгшүүлж болохгүй.

 

 

 

 

 

Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн