Amazon компани алдарт зохиолч Ж.Р.Р. Толкины “The Lord of the Rings” буюу “Бөгжний эзэн” номын эрхийг худалдан авч, цуврал хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл тус компани энэхүү цувралын эхний хоёр улирлыг бүтээхийн тулд нийт 500 сая ам.доллар зарцуулах магадлалтай гэдгийг Reuters агентлаг мэдэгдэж байна. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон тохиолдолд “Бөгжний эзэн” цуврал нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй олон ангит киногоор тодорно.
Учир нь Amazon компани зөвхөн цуврал хийх эрхийг Warner Bros кино компаниас худалдаж авахын тулд аль хэдийнэ 250 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Одоогийн байдлаар цувралын гол дүрд хэн тоглох нь мөн ямар найруулагч ажиллах нь тодорхойгүй байна. Харин цувралын үйл явдалд “Бөгжний эзэн” цуврал номын анхны боть болох “The Fellowship of the Ring” зохиолоос бүр өмнө нь, гол дүрийн баатруудтай юу тохиолдсон талаар гарах болно. Эргэн сануулахад найруулагч Питер Жексон зохиолч Ж.Р.Р. Толкины “Бөгжний эзэн” номоос сэдэвлэсэн гурван киног бүтээсэн байгаа. Хамгийн сүүлд буюу 2003 онд гарсан “The Return of the King” кино нь Оскарын наадмаас нийт 11 шагнал хүртэж байсан түүхтэй. Мөн 2012-2014 оны хооронд Ж.Р.Р. Толкины “Хоббит” номоос сэдэвлэсэн гурван кино хийгдсэн байгаа. Уг кинонуудад хоббит Бильбо Бэггинсийн адал явдал гардаг билээ.