Канадын Бритиш Колумб мужийн колоничлолын засгийн газар 150 гаруй жилийн өмнө нутгийн уугуул овгийн зургаан ахлагчийг цаазалсан байна. Өчигдөр /03.26/ Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Цилкотин овгийн зургаан ахлагчийг цагаатгаж, овгийн ард түмнээс уучлал гуйж байгаагаа илэрхийлжээ. Трюдогийн засгийн газрын мэдэгдэлд “Хэдийгээр бидэнд цаазлах эрх мэдэл байсан ч өнгөрсөн үеийнхээ алдааг залруулах ёстой. Бид та бүхнээс уучлал гуйж байна” гэсэн байна.
Цилкотин овгийн газар нутгаар зөвшөөрөлгүй зам тавих гэсэн цагаан арьстнуудтай тэд зөрчилдөж байжээ. Овгийн таван ахлагч болох Тэллүт, Клацассин, Тах-пит, Пиэле, Чессус нарыг 1863 онд колоничлогчид хууран ирүүлж баривчлаад Куэснел хотод цаазалсан байна. Энэ явдлаас нэг жилийн дараа үлдсэн нэг ахлагч Аханыг Нью Уэстминстер хотод дүүжлэн хороожээ. Бритиш Колумб мужийн захиргаа 1993 онд Аханыг дүүжилсэн газарт дурсгалын хөшөө босгож, 2014 онд тэднийг цагаатгаж байв. Харин Канадын холбооны засгийн газрын хэмжээнд тэднийг цагаатгаагүй байсан юм. Мөн 2014 онд тэд өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар нутгийг эзэмших эрхээ Канадын дээд шүүхээр баталгаажуулж байв.