ХӨСҮТ нь эрдэм шинжилгээ, судалгааны дэлхийн шилдэг байгууллагуудтай хамтран Монгол улс төдийгүй дэлхийд халдварт өвчний эмчилгээ хяналт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг. Үүний тод жишээ бол ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт 2014 оноос хэрэгжиж эхэлсэн олон эмэнд тэсвэртэй уушгины сүрьеэгийн /ОЭТС/ эмчилгээний хугацааг богиносгох эмнэлзүйн судалгааг хийж эхлүүлээд байна.
Судалгааны баг нэгдүгээр шатны үр дүнг эмч, мэргэжилтүүд болон судалгааны бүх оролцогч талуудад танилцуулах уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Сүрьеэгийн ЭМЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ БОГИНОСГОХ “STREAM“ судалгааны нэгдүгээр шатны үр дүнг танилцууллаа

Эхний ээлжинд судалгааны нэгдүгээр шатны үр дүнг энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн удирдлагууд, Сүрьеэгийн тандалт судалгааны алба, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, дүүргийн эмч нарт танилцуулсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт буюу 23-ны өдөр уг судалгаанд оролцогч болон тэдний ар гэрийнхэнд үр дүнг танилцуулах өдөрлөгийг ХӨСҮТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Одоогийн байдлаар нийт дөрвөн улсын 424 өвчтөн энэ судалгаанд хамрагдсан байна. Санамсаргүй хуваарилалттай эмнэл зүйн туршилтын аргаар хийгддэг тус судалгаанд манай улсаас 31 өвчтөн хамрагдаж, урт болон богино хугацааны эмчилгээг хийлгэжээ.

Сүрьеэгийн ЭМЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ БОГИНОСГОХ “STREAM“ судалгааны нэгдүгээр шатны үр дүнг танилцууллаа Arslan.mn

Stream судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа :
Сүрьеэгийн ЭМЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ БОГИНОСГОХ “STREAM“ судалгааны нэгдүгээр шатны үр дүнг танилцууллаа Arslan.mn
“ДЭМБ-аас 2010 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэг дор хаяж 20 сар эмчилнэ хэмээх зөвлөмж гарсны дагуу эмчилгээ хийгддэг байсан. Судалгааны нэгдүгээр шат нь моксифлоксацин болон клофазимин хэмээх хоёр эмийг сүрьеэгийн суурь эмүүдтэй хэрэглэж, эмчилгээний хугацааг 9-11 болгож богиносгосон. Эмчилгээний урьдчилсан дүнгээр энэхүү богино хугацааны эмчилгээ нь 78 хувьтай буюу нааштай гэсэн үр дүнтэй гарсан бол урт хугацааны 20-24 сарын эмчилгээ нь 80 хувьтай гарсан байгаа.
Судалгааны хоёрдугаар шатанд бедиквилин хэмээх ОЭТС-ийн эмчилгээнд зориулан үйлдвэрлэгдсэн эмийн үр нөлөө аюулгүй байдлыг судлаж байна. Хэрэв энэ эм эмчилгээнд нэвтэрч эхэлвэл ОЭТС-ийн тарилгыг хасаж, бүх эмийг уухаар болгон 9 сарын хугацаанд эмчлэх, эсвэл эмчилгээний хугацааг бүрэн богиносгож, зургаан сар болгох боломжтой болно. Судалгааны эцсийн үр дүн 2020 онд гарна.
Монгол оронд жилдээ 4000 гаруй шинээр сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ өвчнийг эмчлэхийн тулд маш олон эмийг уух шаардлагатай бөгөөд үндсэн хоёр эмэнд тэсвэртэй сүрьеэг олон эмэнд тэсвэртэй сүрьеэ хэмээн нэрлэдэг. Манай улсад жилд 300 орчим олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол шинээр бүртгэгддэг. 2016 онд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийгдсэн судалгаагаар сүрьеэгийн халдвар бидний тооцоолж байснаас гурав дахин их байна гэсэн судалгаа гарсан.” хэмээлээ.

Судалгааны үндсэн багт ОЭТС-ийн чиглэлээр олон жил ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, эм зүйч, лабораторын эмч, лаборантууд ажиллахын зэрэгцээ долоон дүүргийн сүрьеэгийн диспансер, өрхийн эмнэлэг, ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийн эмч, сувилагчид, сайн дурын идэвхитнүүд зэрэг 60 гаруй хүн хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус судалгаа хэрэгжсэнээр эмнэлзүйн туршилт судалгааг явуулах үндэсний чадавхи манай улсад бүрэлдэхийн зэрэгцээ дэлхийн шилдэг эмчилгээ, судалгааны байгууллагуудтай хөл зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна.

Энэхүү туршилт судалгааг Лондонгийн их сургуулийн Их Британийн анагаах судалгааны зөвлөлийн туршилт судалгааны хэлтэс сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбоо хариуцсан дэлхийн хэд хэдэн оронд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монгол улс юм.

Эх сурвалж: Arslan.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн