МАДРИД. /Ройтерс/. Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоныг Германы цагдаа нар баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Германы хойд нутгийн Шлезвиг-Гольштейн мужаас өчигдөр /03-25/ бага үд буюу 11:19 цагт баривчилсан байна. Германы цагдаа нар мэдэгдэхдээ “Европын Холбооны гишүүн улс орнуудад мөрдөгддөг сэжигтнийг баривчлах тогтолцоонд үндэслэн түүнийг баривчилсан” гэжээ. Германы шүүх түүнийг Испанид шилжүүлэн өгөх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ. Бельги рүү зугтсан К.Пучдемоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс эрэн сурвалжилж байжээ.
1 comment
ter huniig barivchlah jmarch heregg baigaasgui ooriin nutagtaa oruulsan gemt heregten muslimuudiig barivchlsahni iluu baisan ym