Европын Холбоо нь 28 улс, 500 сая хүн амыг багтаасан холбооны ч бус, засгийн газар хоорондын ч бус хүн төрөлхтөний түүхэнд анх удаа үүсч байгаа тусгаар улсуудын улстөр-эдийн засгийн ер бусын холбоо юм. Гишүүн орнууд үндэснийхээ язгуур эрх ашгийг холбооны эрх ашигт нийцүүлэх, зарим талаар золиосолж байдгаараа онцлогтой. Council of Europe бол 1949 онд байгуулагдсан зүгээр л бие даасан олон улсын байгууллага тул түүнийг Европын Холбоо/ЕХ/-той хольж хутгах хэрэггүй. Харин European Council буюу Европын Зөвлөл бол гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд /ЕХ-ны гадаад хэргийн сайд нь ороод/ зургаан сард тутам хоёр буюу жилд дөрвөн удаа Брюссельд уулзаж улс төрийн ерөнхий тэргүүлэх чиглэлийг гаргадаг манай ҮАБЗ шиг бодлого тодорхойлогч институци нь юм.
Гэхдээ хууль батлах эрхгүй. Европын Парламент нь холбооны улсын иргэдээс шууд сонгогдож тэдний эрх ашгийг хамгаалах, хууль төсөв батлах, институцүүдэд хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Брюссель, Люксембургад өдөр тутмын ажлаа, Страсбургад Их Хурлаа хийдэг гээд гурван газар үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг орноос хүн амын пропорциональ харьцаагаар хамгийн багадаа 6 хамгийн ихдээ 96 нийтдээ 751 /үүнээс нэг нь ерөнхийлөгч/ сонгогдоно. Одоогоор хамгийн их төлөөлөлтэй Герман-96, Франц-74, Итали-73 хамгийн бага Кипр-6 төлөөлөлтэй байна. Парламент нь улс төрийн нэгдсэн намуудын саналаар сонгогдох ба одоогоор хамгийн их нь Христосын ардчилалынхан олонхийн суудалтай байна. Харин Европын Холбооны Зөвлөлийг албан ёсоор Council of the EU, албан бусаар EU Council гэдэг бөгөөд Брюссельд байрладаг үндэсний сайд нарын зөвлөл бөгөөд засгийн газар болгон өөрийнхөө үндэснийхээ ашиг сонирхолын төлөө ганц үзэлцдэг газар нь юм.
Нөгөө талаас манай улсын бага хурал, америкийн сенат шиг хууль, ЕХ-ны төсвийг парламентайгаа зөвшилцөж байж батлана, ЕХ-ны улсуудын эдийн засгийн бодлогыг өргөн утгаар нь удирдан чиглүүлнэ, ЕХ бусад улсын хоорондох гэрээ хэлэлцээрийг батлана, ЕХ-ны гадаад болон батлан хамгаалах бодлогыг тодорхойлно, гишүүн орнуудын цагдаа шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг удирдан зохицуулна. Саналыг нээлттэй хурааж бүх саналын 55-аас доошгүй буюу бүх хүн амын төлөөлийн 65-аас доошгүй хувь буюу 28 орны 15 доошгүй орны саналаар батлагдсанд тооцдог. Гадаад бодлого, татвар зэрэг онц чухал ач холбогдолтой асуудлыг 100 хувийн саналаар хүчинтэйд тооцдог. Гишүүн орнууд хагас жилээр ээлжлэн ерөнхийлөн захирдаг. Европын Комисс нь ЕХ-ны хамгийн гол чухал байгуулага бөгөөд Брюссель, Люксембургад байрладаг ЕХ-ны ашиг сонирхолыг бүхэлд нь хариуцдаг, манайхаар бол засгийн газар нь гэсэн үг. Холбооны өдөр тутмын бодлого үйл ажиллагааг гүйцэтгэж, төсвийг зарцуулж, хуулийн төсөл боловсруулж парламентэд өргөн барьж, бусад улсуудтай хэлэцээр хийж, хуулийг шүүх хүчний байгууллагуудын хамт хэрэгжүүлж, олон улсад ЕХ-г албан ёсоор төлөөлдөг.
Гишүүн орон бүрээс нэг нэг сайд томилогдон ажилладаг. 28 сайдуудыг Европын Зөвлөл санал болгож Европын парламент батладаг. Ерөнхийдөө Европын Зөвлөл бодлогоо барьдаг, Европын парламент ба ЕХ-ны Зөвлөл нь хуулиа баталдаг, Европын Комисс нь засгийн газраа хариуцдаг. Мөн төв банк, шүүх, аудит, ГХЯ, эдийн засаг нийгмийн хороо гэх мэт 13 гол байгууллагаас гадна дөчин тусгай агентлагтай. ЕХ-д элсэх хамгийн гол бичигдээгүй хууль нь европын соёл иргэншил юм. Тиймдээ ч 1987 онд ЕХ-д элсэх өргөдлөө өгсөн Турк одоо болтол чимээгүй, 1993 онд өргөдлөө өгсөн Морок улс “тэнцэлгүй хөөгдөөд” гарч байхад тээр алс хол байгаа Израиль, Канад зэрэг улсуудыг ч элсүүлэхийг ЕХ-ний улс төрчид, хүн амынх нь 70 хувь нь ихээхэн хүсэмжилж байна. Элсэх улс нь нийтлэг соёл иргэншилтэй байхаас гадна газар зүй улстөр эдийн засаг нийгмийн гээд 100 гаруй үндсэн шалгууруудыг хангаж 2000 гаруй асуудлыг давсан байх шаардлагатай.
ЕХ-ны хөршийн гадаад бодлого нь элсэхээр өргөдлөө өгсөн 6 орон, болзошгүй 2 орон, Европын хөршийн бодлогот 16 орон, дорнын хамтын ажиллагааны 6 орон/хуучин ЗХУ-ын голдуу/, дундад азийн хамтын ажиллагааны 5 орон, ОХУ руу чиглэгдэж бидний ойролцоо орших асар их газрын тос байгалийн хийтэй Орос, Азербайджан, Казакстан, эдийн засгийн өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос, Японтой, гишүүн бус өөрсдийн хөрш зэргэлдээ орнуудтай туйлын нягт хамтарч ажиллаж байна. ЕХ-ны хилийн ойролцоо байгаа Молдов, Армен, Грузин, Белорус, Украйны төлөө санаа илүү тавьж, хараа сунгаж тэднийг алсдаа холбоондоо элсүүлэхийг хүсэмжилж байна. Эдгээр орнууд бүгд Европын хөршийн бодлого/European Neighbourhood Policy ENP) хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь гишүүнчлэлд хамрагдах анхны алхам гэж хэлж болно. ЕХ нь Хятадтай худалдаа хамтын ажиллагааны гэрээ, Өмнөд Солонгос Японтой чөлөөт худалдааны гэрээ, Гүржтэй нэгдэх гэрээ/Association agreement/, Казакстантай эрчим хүчний санамж бичиг, Молдов Украйн Гүржтэй визнээс чөлөөлөх яриа хэлцэл, ОХУ-тай виз хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг байгуулсан боловч Монголтой бусад улсуудтай уламжлал ёсоор хийгддэг “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ээс өөр дорвитой зүйл хийгдсэнгүй.
Ийнхүү Монгол Улс ЕХ-ны ашиг сонирхолын гадна орхигдсон нь аль 2013 онд ЕХ-той бидний байгуулж гарын үсэг зурсан дээрхи “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг тэд дөнгөж л 2017 онд баталж, өнгөрсөн 11 сараас хүчин төгөлдөр болгож өгч байгаатай зэрэгцүүлээд мөн сараас биднийг санхүүгийн хар дансандаа оруулж шинэ жилийн бэлэг барьж байгаа зэргээс харж болно. Энэ нь аливаа гэрээ хэлцэл гишүүн 28 улсын хүнд суртал бүхий парламент засгийн газраар заавал орж дараа нь ЕХ-ийн дээд газруудаар батлагдах гэж явсаар байтал 4-5 жил болж уг гэрээ утга учраа алдах магадлалтайгаас гадна 28 улс болгонд монголын лобби групп, элчин сайд байхгүй байгаатай бас холбоотой.
Цаашдаа ЕХ-ны байнга тавьдаг МУ-ын нутаг дээгүүр нисэн өнгөрөхөд авах татвараас чөлөөлөх асуудал зэргийг нь нааштайгаар шийдэж өгөөд зөрүүлэн, ЕХ-ны томоохон хотууд Улаабаатарын хооронд шууд нислэгийг дэмжих, Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр эхлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, “Европын хөршийн бодлого” хөтөлбөр -т хамрагдаж түншийн статустай болох, Европын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хүрээг улам өргөтгөх, ЕХ-ны санаачласан Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах хөтөлбөрт элсэх нь зүйтэй. Ялангуяа Монгол Улс Европын хөршийн бодлого хөтөлбөрт элсвээс ENP гишүүн болж үйл ажиллагааны төлөвлөгөө /Action plan/-д гарын үсэг зурснаар олон хөнгөлөлт /Financial support-free trade-student-visa-technical policy support/ эдлэх эрхтэй болох юм.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт