Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая гаруй иргэдийн 48 гаруй хувь нь тохилог орон сууцанд тохь тухтай амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Үүнээс үүдэж агаар, хөрсний бохирдолын асуудал яригдаж буй. Улсын хэмжээнд жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргадаг бөгөөд 50 хувь нь нийслэлийн иргэдийнх.
Өвлийн цагт гэр хорооллын иргэд хог, угаадсаа ил задгай асгадаг нь хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан болж буй юм. Газарзүйн хүрээлэнгээс хөрсөнд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой буюу хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Дээрх шинжилгээг хийхдээ 136 цэгийн хөрсний дээжээс авч шинжилжээ. Хан-Уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байгаа аж.
Нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй гэх судалгааг холбогдох байгууллага гаргасан байна. Харин 26 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй гэх дүгнэлтийг гаргажээ.