Өнөөдөр надад арав гаруй удаа зурхайн зурлага тааралдлаа. Үүрээр радиогоор эхнийхийг сонсож, ажилдаа гарахын өмнө телевизийн өглөөний хөтөлбөрөөр дараачийнхийг үзэж, өдрийн турш хэд хэдэн сониноос уншиж, орой гэртээ ирээд мэдээ, үдшийн хөтөлбөрийн төгсгөлд маргаашийн зурлагаа мэдэж авлаа.
“Өнөөдөр гурван ногоон мэнгэтэй… хууль цааз гаргах, эмчийг шүтэх, хагалгаа хийлгэх, бэр буулгахад өлзийтэй…. худаг гаргах, байшингийн шав тавихад өлзийтэй, үхэр жилтнээ эерэг, могой, морь жилтнээ сөрөг нөлөөтэй.. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гарга” гэж байна.
Би хууль цааз гаргадаг УИХ-ьн гишүүн биш, гэнэтхэн олгой л өвдөхгүй бол өнөөдөр операци хийлгэхгүй, байранд суудаг тул орцныхоо өмнө худаг малтаж болохгүй, бас үхэр жилгүй, морь тахиаг бүү мэд харин 15 цагт чухал хүнтэй уулзана, ажил ойрхон учраас хол явахгүй, ингээд зурхай надад хэрэг болсонгүй. Монголын зурхай яагаад ийм хуучинсаг, хөдөө амьдардаг болон бүр хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан хүмүүст зориулсан юм шиг бичигддэг байна аа.
Үүний оронд “маргааш төв замаар бүү яв, замын түгжрээнд орж цаг алдаж болзошгүй,”, “Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө бүү хадгалуул, алдана шүү”, “Өнөөдөр тэрнээс мөнгө зээлдвэл яг өгч харагдаач”, “Дараа сард долларын ханш төдөн пунктээр буурна”, ядахдаа “Өнөө орой уух хэрэггүй, маргааш аймаар шартана” гээд хэлж өгч чаддаггүй юм уу?
Цаашилбал, дараа жил “УИХ-д нэрээ бүү дэвшүүл. Танд нэг л тааламжгүй” эсвэл “Хотод биш хөдөө нэрээ дэвшүүл, та сонгогдох магадлал өндөр” гэх мэтийн зурхай хэрэгтэйсэн. Харин өрнийн зурхай хот газрын бидний амьдралд илүү ойр бөгөөд орчин үеийн “боловсон” зурхай гэж хэлж болно. Гэтэл юу байна? “Өнөөдөр та олны анхаарлын төвд байх тул өглөө гарахдаа өмсөж, зүүхдээ анхаар! Ивээн тэтгэгч чинь танд санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Эрс шийдэмгий ярих, чалчих, хов зөөх хэрэггүй. Мөнгө, санхүү, бизнест эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэнэ.
Та өөртөө болон өөрийнхөө хүчинд итгэж эхэлнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, орон байрныхаа төслийг боловсруулахад сайн, албан тасалгааны техник, тавилга авах, хүүхдүүддээ компьютер худалдан авахад тааламжтай. Та зугаацан цэнгэж болно. Гэхдээ спиртийн төрлийн хэт их хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Шинэ романтик харилцаа үүснэ. Хэт өөдрөг үзлээсээ болж цаашид гутралд орж мэднэ” гэсэн зурлага тааралдлаа. Би өнөөдөр олны анхаарлын төвд байхгүй, яагаад гэвэл хөдөө явах учраас энэ болон бусад бүх заалтууд утгаа алдаж байгаа юм. Чухам эндээс зурхай болгон худлаа гэсэн таамаг төрж, үүнийгээ батлахын тулд жинхэнэ шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд зурхайн үнэн худлын талаар юу гэж бичсэнийг уншиж судаллаа.
Зурхайн ухаан олон мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Тэр үед хүмүүс байгалийн хуулиудыг таньж мэдээгүй, байгалиас айж сүрддэг, далдын хүчинд бүрэн итгэдэг, тэртээ дээр ер бусын ид шидтэй бурхад өдөр шөнийг сольж, галт уул дэлбэлж, үер ус буулгаж байгаа мэтээр ойлгодог байж. Өнөөдөр, маргааш тэнгэр бурхад яах гэж байгааг мэдэхийн тулд одтой тэнгэрийг бишрэн харж тэндээс янз бүрийн шинж тэмдэг эрж хайдаг болж, хэрвээ тийм юм олж харсан бол өөрсдийн өдөр тутмын амьдралтайгаа холбон тайлбарлаж сурсан хэрэг. Эндээс зурхай эхэлсэн. Зурхайн үндсэн зарчим гэвэл хүнийг эхээс төрөх үед нар, сар болон од гаригуудын байрлал ямар байснаас хамааруулан тухайн хүний хувь заяа, зан чанараас эхлээд өнөөдөр түүнд юу тохиолдохыг хэлдэг явдал юм. Ямар ч зурхай гахай жилтэн, эсвэл нумын ордныхон гэх мэтээр эхэлдэг билээ.
Цаашилбал, тэнгэрийн эрхсийн байрлалаар түүхийн үйл явцыг урьдчилан “мэдэж”, улс орон, хүн төрөлхтөнд хүртэл юу тохиолдохыг хүртэл хэлж өгдөг. Зурхайн үнэн худлыг мэдэхийн тулд хэдэн асуулт тавихад хангалттай юм байна.
1. Өдөр бүр дэлхийн бүх оршин суугчдын арван хоёр хуваасны нэг буюу хагас тэрбум хүнд адилхан хувь заяа тохионо гэж байх уу? Гахай, нохой гээд 12 жил, нумын, матрын, хумхын гэхчлэн 12 орд байдгийг бүгд мэднэ. Та зурхайн зурлагаас өөрийн жил юмуу ордыг олоод өөрт юу тохиолдохыг мэдэж авдаг. Гэтэл өөр бас 500 сая хүнд яг тийм юм тохиолдох болж байгааг бодоод үзээч. Зурхайн зурлага маш ерөнхий байдаг нь ийм учиртай ажээ. Тэр олон хүнд нэгэн зэрэг тохируулах хэрэгтэй шүү дээ.
2. 3урхайд хүнийг эхийн хэвлийд олдсон өдрөөр биш төрсөн өдрөөр тооцоолдог нь ямар учиртай вэ? Хүний төрсөн өдрийг үндэс болгодог учраас хүмүүст зурхай бол маш ул үндэстэй шинжлэх ухаан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үнэн хэрэгтээ хүн эхээс мэндлэх нь эхийн хэвлийд ес, арван сар бойжсоны үр дүн билээ. Гэтэл хүний олон шинж эхийн чухам эхийн хэвлийд бүрэлддэгийг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Хүүхэд дутуу юмуу илүү тээгдэж төрөөд өмнөх жил, ордны хүн болчихвол нөгөө зурлага яах вэ?
3. Хэрвээ зурхайчид ирээдүйг “мэддэг” юм бол хэн нь ч яагаад тэр чадвараа ашиглаж чаддаггүй юм бол? Зурхайчид тодорхой үйл явдлыг биш, ерөнхий чиг хандлагьг хэлж чадна, том үйл явдлыг таахаас биш сугалааны хожил мэт жижиг зүйлийг тэдний оюунд өртөхгүй гэдэг. Тэгвэл тэд яагаад хөрөнгийн бирж дээрх хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш өсөх буурахыг урьдчилж таагаад тэрбумтан болдоггүй юм бэ? Ерөнхийлөгчийн “зурхайч” байсан Дашцэрэн хэдэн жилийн өмнө нэг авгайд баахан мөнгөө алдчихаад хөгөө чирж байлаа. Газрын дор юу байгааг нисдэг тэрэгнээс хардаг гэгдэх Монгол улсын №1 зурхайч маань “өнөөдөр мөнгө зээлүүлж болохгүй” гэдгийг мэдээгүй юм байх даа.
4. Хэдэн зуун жилийн өмнө буюу Нарны аймгийн хамгийн алслагдсан гурван гариг нээгдэхээс өмнө зохиогоод ашиглаж байгаа зурхай одоо хүчинтэй гэж үү? Лав манай монголын зурхайчид Хүрэлтогоот очиж юм уу хаа нэгтээгээс шөнөжин од гариг дурандаж тэнгэрийн зураг хийж үзээгүй, харин авдраасаа жирийн та бидний уншиж үл чадах эртний түвд ном судар гаргаж зурхайгаа зохиодог. Тэр судрууд дээр элдэв томъёо, тооцоо байгаа бол нэгэнт хуучирчээ. Худлаа гэсэн үг.
5. Янз бүрийн зурхай хоорондоо хэзээ ч тохирдоггүйн учир юу вэ? Та арван зурхайчид нэг адилхан асуулт тавих юм бол арван янзьн хариулг авна. Хэрвээ зурхай үнэхээр шинжлэх ухаан юм бол өнгөрсөн хэдэн мянган жилийн турш яагаад нэгдсэн онолтой болж чадаагүй юм 6э? Шинжлэх ухааны онол гэдэг чинь түүхийн явцад шалгагдаж нотлогддог бус уу? Жил бүрийн цагаан сарын өмнө зурхайчид талцаад үзэлцэж эхэлдэг нь аргагүй юм байна. Хэний зөв бурууг нотлох зурхайн шинжлэх ухаан гэж байхгүй.
6. Зурхайн ухаан хүмүүст нөлөөлдөг байгалийн хүчнүүдээс зөвхөн од гаригийн нөлөөллийг авч үздэг нь ямар учиртай бэ? Од гаригууд хүмүүст татах түлхэх хүчний болон соронзон орны нөлөө үзүүлдэг. Үүнийг дээд сургуулийн оюутнууд амархан тооцоолж чадна. Гэхдээ хүүхдийг төрөх үед эх баригч түүнд дэлхийн татах хүчнээс 6 дахин их, Ангараг гаригийн татах хүчнээс 1000000000000 дахин их нөлөө үзүүлдгийг яагаад тооцдоггүй юм бэ? Эх баригч маань Ангараг гаригаас хамаагүй жижиг боловч хүүхдийн хажууд Ангараг гариг биш, эх баригч зогсож байдаг билээ.
7. Од гариг бидэнд нөлөөлдөг юм бол тэр нь зайнаас огт хамаардаггүй гэж үү? Уг нь зай холдох тусам нөлөөлөл нь багасах учиртай. Эрт дээр үед хүмүүс зурхай зохиохдоо үүнийг тооцдог байжээ. Тэгвэл одоогийн зурхайд Ангараг гариг дэлхийд хамгийн ойр оршсон ч, зсвэл нарны нөгөө талд гарч 7 дахин хол очсон ч яг адилхан нөлөөлдөг юм шиг зурлага гаргадаг. Үйлчлэх хүч нь зайнаас хамаардаггүй юм бол физикийн үндсэн хуулиуд буруу болж таарахнээ…
8. Эцсийн асуулт. Од гариг ба гэрээ хэлэлцээр хоёр ямар хамаатай юм бэ? Зурхайчдийг хүндэтгээд, тэд од эрхсийн байрлалыг ямар ч телескоп, математикийн тооцоо хийхгүйгээр зөв тооцоолж гаргадаг гэж бодье. Тэгээд од гаригийн хөдөлгөөн хүмүүст их багаар нөлөөлдгийг хүлээн зөвшөөрье. Гагцхүү тэр нөлөөлөл нь худаг гаргах юмуу бэр буулгах, эсвэл гэрээ хэлэлцээр байгуулах, ажил бүтэх эсэхэд яахаараа нөлөөлөхийг эрүүл ухаанаар ойлгох ямар ч боломжгүй юм. Нөлөөллөө гэхэд ажил бүтэх, эсвэл бүтэхгүй байхын аль тал руу нөлөөлөхийг бурхан ч хэлж чадахгүй. За яахав, орчин үеийн ямар ч шинжлэх ухаан ч тайлбарлаж чадаагүй тийм нарийн юм зурхайд байдаг гэж бодъё. Тэгвэл зурхай таарч байна уу, үгүй юу гэсэн ганцхан шалгуур байгаа юм. Шалгаад үзэхэд зурхайчид юуг ч тааж чаддаггүй.
Дэлхийн янз бүрийн оронд явуулсан судалгаанаас үзэхэд зурхайн 10 таамаглалын 9 нь худлаа байж, зөвхөн ганц нь таардаг. Тэр ганц нь азаар таардаг хэрэг. (Хэрвээ та ямар ч хамаагүй 10 таамаглал дэвшүүлбэл нэлээд хэд нь тэртээ тэргүй таарна) Өнөөдөр хүмүүсийн мэдлэг боловсролын түвшин эртний хүмүүсийнхтэй харьцуулахад зүйрлэшгүй өндөр болсон ч тэд зурхайг уншиж үзэж сонсдог, бас итгэдэг хэвээрээ. Аливаа зурхай хүмүүст таалагддаг нэг нууц байдаг нь хүний сэтгэл зүйтэй холбоотой. Зурхайн зурлаганд ингэж тэгвэл өлзийтэй, харин ингэж тэгэж болохгүй гэх зэрэг тэртээ тэргүй амьдралдаа анхаарч явах ёстой санаануудыг хүний жил, ордыг нэрлэж байгаад яг өөрт нь зориулсан мэт хэлдэг. Өөрт юу тохиолдохыг мэдэхийг хүсдэггүй хүн гэж үгүй. Зурхайн зурлагад эхнэр, нөхөр гэсэн үг байхад л хүмүүс өөрийн эхнэр, нөхрийг бодож эхэлдэг. Дарга гэвэл өөрийн даргаа бодно.
Ерөнхий санаанууд учраас заавал таардаг. Өнөөдөр эрүүл мэндээ анхаар, болгоомжтой яв зэрэг сануулгууд хэзээ ч илүүдэхгүй. Ийм учраас хүмүүс зурхайд талархалтай хандаж итгэдэг. Энэ бол сэтгэл зүй. Харин танд юу тохиолдохыг ямар ч зурхай хэлж чадахгүй. Энэ утгаараа өрнө, дорнын бүх зурхай худлаа.
Л.Энэбиш
3 comments
L.Enebish chini jinhene durak baina
zovoo zov enebish chi l itgehee bolhih tegeed l asuudalgui ertontsiin zui togtol chad ogt padgui
Энэ их гоё юм аа