Дэнжийн 1,000-ын apын дэнж, “Бөмбөгөр” худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий. Нийслэлчүүдэд санаа зовох асуудал мундахгүй их. Өвөл нь угаартаж үхэх шахна. Утаа дийлдэхээ больж, гамшгийн хэмжээнд хүрсэн хойно дарга нар гэнэт ухаарч, олон янзын арга хэмжээ авах болсон ч үр дүнгээ өгсөн нь үгүй.
Утаатай тэмцэх гэж зүтгэхийн хэрээр ашиг хонжоо хайгчид ард түмнээрээ тохуурхаж элдвийн зүйл сэдэж, иргэдэд зарж байна. Тэднээс ашигтай бөгөөд үр дүнгээ өгсөн нь ч үгүй. Утааны эсрэг маск, утаагүй зуух, түлш, дулаалга, цахилгаан халаагуур. Аль нь ч утаанаас иргэдээ хамгаалж чадсангүй. Монголчуудаа удирдаж яваа дарга нар зөв бөгөөд оновчтой арга барилаар ажиллахаас нааш утаа хотод улам өтгөрч, нийслэлчүүд, тэр тусмаа багачуудын эрүүл мэнд өдрөөс өдөрт муудсаар байгаа нь үнэн. Эмнэлгээр дүүрэн ханиад томуутай хүүхэд. Үүний гол шалтгаан нь утаа. Зарим эмнэлэг болон эм ханган нийлүүлэх байгууллагууд утааг далимдуулан хэрхэн “тоглолт” хийхээ ч мартсангүй.
Телевиз, радиогоор цацагдаж байгаа зар сурталчилгааны 50 хувь нь эм. Хамгийн сонирхолтой нь эмийн сурталчилгааны 70-аас дээш хувийг зөвхөн ханиад томуу, дархлааны эсрэг эм бэлдмэлийн сурталчилгаа эзэлж байна. Энэ нь утаанаас болж нийслэлчүүдийн дархлаа ямар түвшинд хүртлээ суларч, эрүүл мэнд хэрхэн хохирсныг илтгэж буй хэрэг. Ердөө ганцхан жилийн өмнө хотод болон хөдөө амьдарч буй 40 гаруй насны хүний эд эрхтнийг харьцуулсан хошин судалгаа гарсан. Түүнээс харахад хөдөө мал дээр амьдарч буй иргэний дотор эрхтний 85 хувь нь цоо эрүүл гэж гарч. Харин хотын залуугийн эд эрхтний 90 хувь нь ямар нэгэн өвчлөлтэй байсан хэрэг. Зүгээр нэг хошигнол хэдий ч бодит үнэн.
Өвддөггүй эд эрхтэн гэж хотынхонд байхгүй болсон учраас эмнэлгүүд, эмийн сангууд хамгийн их ашигтай ажиллах болсон. Түр энэ сэдвээ орхиод урин дулааны улиралд нийслэлчүүдийн зовлон болдог хөрсний бохирдолтын талаар өгүүлье. Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарсан. Нийслэлийн хэмжээнд 400 мянга орчим нүхэн жорлон бий. XXI зууны Монгол Улсын нийт хүн амын 72.7 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн жорлон хэрэглэж байна гэдэг ичмээр үзүүлэлт. Тиймдээ ч жил бүр элдэв халдварт болон суурь өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Хавар болонгуут гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай бие зассан ялгадас, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах, автомашины задгай угаалгын газар, эмнэлгийн хаягдал зэрэг нь нийслэлийн хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг хүчин зүйл болсон. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл ихэсдэг. Тухайлбал, цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Мөн шар усны үер ч их болдог.
Учир нь өвлийн цагт иргэд угаадас болон бохирдлоо гудамжиндаа асгаснаас үүдэлтэй. Энэ нь дулааны үеэр хайлж хөрсний гүнд шингэж, зарим хэсэг нь шар ус болон урсдаг. Иймэрхүү бохирдолтой газар нийслэлийн гэр хорооллын гудамжаар явахад шууд харагдана. Энэ талаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш доктор Д.Даваадорж “Удаан хугацааны турш бохирдсон газар хүн амьдрах юм бол мэдрэлийн системийн сааталд орж эхэлдэг. 2005, 2006 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотын гүний усны судалгааг Гачууртаас Амгалан хүртэл хийсэн.
Хэрэгцээний усыг хангадаг 15 худагт 150 метрийн гүнээс шинжилгээ хийхэд гэдэсний өвчин үүсгэгч бактери илэрч байсан” хэмээн ярьсан байдаг. Мөн одоогоос зургаан жилийн өмнө эрдэмтэд Улаанбаатарын хөрсөнд шинжилгээ хийхэд хөрсний бохирдол 95 хувьтай, нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байсан нь үнэхээр эмзэглэмээр. Үүнээс хойш энэ хэмжээ буураагүй нь лавтай. Харин ч улам ихэссэн байх. Ер нь хөрсний бохирдол үүсгэж буй нэг хүчин зүйл нь үерийн нэртэй бохирын далангууд. Тухайлбал, Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын үерийн даланд тэр хавийн айл өрх шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгана. Энэ бүхнээс нь урин дулааны цагт элдэв үнэр ялгарч хөрснөөс гадна агаар бохирдуулна. Харин энэ талаар тус хорооны Засаг дарга “Гандангийн дэнжийн хөрс дагтаршсан цэвдэгтэй учир айлууд бохирын цооног, “00” ухах боломжгүй. Тиймээс үерийн далан руу бохир ус, зарим нь бохироо хийх нь ч бий. Дээр нь “Бөмбөгөр” худалдааны төвийн наймаачид хог хаягдлаа байнга асгадаг” хэмээж байсан байгаа юм.
Тэгэхээр энэ бүх бохирдолтойгоо төрийн анхан шатны нэгж болох хороо багийнхан хэдийнээ нэгджээ. Мөн гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын бус 00-той. Энэ нь хөрсний бохирдлыг бий болгож байгаа нэг үндэс. Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь ундны цэвэр устай холилдсоноос бидний эрүүл мэндийг ямх ямхаар хордуулсаар байна. Гэр хороолол болон зусланд байгаа айлууд хашаандаа хоёроос доошгүй жорлонтой, дээрээс нь муу усны нүхтэй, хашаанаасаа гадуур хаа сайгүй цацсан угаадсан дундаа амьдардаг. Энэ нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерилогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулж байдгийг бид анзаардаггүй. Үнэндээ Улаанбаатарчууд бид өвөлд нь утаанд хордож, зун нь хөрсний бохирдолд дарлуулж элдэв өвчний үүр уурхай болж байгаа нь өнөөдрийн бодит төрх. Уг нь иргэн хүн бүр бохир усаа ил задгай асгахгүй, ойр орчноо цэвэр цэмцгэр байлгаж, зүлэгжүүлэх зэргээр хөрсөө бохирдуулахгүй байх нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт болох юм.
Чимээгүй тахал болсон хөрсний бохирдлоос ирээдүй хойч үе болон өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж хөрсийг бохирдуулж байгаа зүйлсээс сэргийлцгээе. Манай улс жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргадаг. Үүний 50 орчим хувийг нийслэлийн иргэд хаядаг бөгөөд манай орны нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй болжээ. Харин 26 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Тэр тусмаа өвлийн цагт гэр хорооллын иргэд хог, угаадсаа хамаагүй ил задгай асгаж хаях нь их байдаг. Хан-Уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хөрсөн дэх сульфатын бодис их гарчээ.
Хөрсний бохирдлыг нянгийн, хүнд металлын, органик, амоны буюу шивтрийн, сульфатын агууламжтай гэж ангилдаг. Газарзүйн хүрээлэнгээс хөрсөнд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой буюу хөгц мөөгөнцөр илэрсэн тухай дээр дурдсан. Дээрх шинжилгээг хийхдээ 136 цэгийн хөрсний дээжээс авч шинжилжээ. Энэ бүхнээс харахад нянгийн бохирдол жил ирэх тусам улам ихээр нэмэгдэж байгаа юм. Эдгээр нян дотроос гэдэсний эмгэг төрүүлэгч бактери, нян улам ихээр илэрч байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний дараагаас агаарт шингэсэн бохирдол иргэдийн оюун ухаанд ч нөлөөлдгийг хэлсэн. 47 метрийн гүний худгаас шинжилгээ авахад нянгийн бохирдолтой гарчээ.
Өнөөдөр нийслэлийн хаана ч явсан эвгүй үнэр ханхалдаг болжээ. Элдэв ялгадасны үнэр, бохир ус хотын төв хэсгээс бусад бүх газар байна. Хотын зуслангийн бүс нутаг ердөө тавхан жилийн өмнө тун боломжийн байв. Харин өнөөдөр хог хаягдал, бохирдол ихтэй хөрс, элдэв үнэр гээд байхгүй зүйл алга, тэнд. Гэр хорооллын гудамжинд бохир, ялгадасны үнэр хамар сэтлэх шахна. Гэвч үүнийг тоож байгаа удирдах албан тушаалтан нэг ч байхгүй байгаа нь харамсалтай. Дашрамд дурдахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт орших Дамбын рашааны тухай сурвалжилга саяхан нэг телевизээр гарч байна. Иргэд өнөөдрийг хүртэл тэндээс ундаалсаар байгаа аж. Гэтэл хамгийн сүүлд тус рашааны усанд 2013 онд шинжилгээ хийжээ. Түүнээс хойш таван жилийн хугацаанд энэ рашааныг мэргэжлийн хяналтынхан нэг ч зорьж очоогүй. Ойр орчмын бохирдол, үнэр тун хэцүү.
Тус рашааныг тойроод 30 гаруй нүхэн жорлон байгаа юм. Ийм байхад уг рашаан цэвэрхэн байж чадах уу. Дэнжийн 1000-ын арын дэнж, “Бөмбөгөр” худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий. Дээд түвшний дарга нар дээр дурдсан газруудад мэргэжилтнүүдээ дагуулан ажиллаж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ганцхан жилийн дараа нийслэлд эрүүл хүн олдохоо больж мэдэх нь.
Эх сурвалж: “Үндэсний шуудан”сонин