Хятад үндэстэн эртнээс нааш газар тариалан эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн учир олон зууны турш байгаль цаг агаарын байдлыг нарийн ажиглан, түүнийг танин мэдсэний үр дүнд өдөр шөнийн урт богино, үд дундын нарны тусгалын дээр доор байдал зэргийг харгалзан нэг жилийг 24 цаг улиралд , хуваадаг. Энэхүү цаг улирал нь дэлхийн бөмбөрцгийн тойрог замын болон нарны шар зам буюу нарны бүтэн жилийн хөдөлгөөний байрлалд үндэслэдэг байна.Үүнд
-Хаврын уур буюу Личүнь, 2 сарын 3-5-аас эхэлнэ. Энэ өдрөөс хятадууд хавар эхэллээ гэж үздэг.
-Хур ус буюу Юйшуй, 2 сарын 18-20-ны өдрөөс эхэлнэ.
-Ичигсэд хөдлөх буюу Жьинжө, 3 сарын 5-7-оос эхэлнэ.
-Хаврын хугас буюу Чүньфэнь, 3 сарын 20-21-оос эхэлнэ. Энэ өдөр өмнөөс хойших дэлхийн тал бөмбөрцөгт хамгийн урт шөнө болдог. -Ханш буюу Чьинмин, 4 сарын 4-6-нд болно. Энэ өдөр хүмүүс нас барагсдынхаа шарилыг эргэдэг.
-Тариалангийн хур буюу Гуюй, 4 сарын 19-21-нд болно.
-Зуны уур буюу Лишья, 5 сарын 5-7-нд болдог. Энэ өдрөөс эхлэн зуны улирал эхэллээ гэж үздэг.
-Өчүүхэн дүүрэн буюу Шьяомань, 5 сарын 20-22-нд болно.
-Буудай боловсрох буюу Манжун, 6 сарын 5-7-нд болно.
-Зуны туйл буюу Шьяжи, 6 сарын 21-22-нд болно. Энэ өдөр нар зуны туйлын буюу шар замын хамгийн хойд цэгийг дайран өнгөрдөг. Хойд тал бөмбөрцөгт хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно.
-Бага халуун буюу Шьяошү, 7 сарын 6-8-нд тохионо.
-Их халуун буюу Дашү, 7 сарын 22-24-нд болно. Хятадын бүх нутагт энэ үед цаг агаар хамгийн халуун байдаг.
-Намрын уур буюу Личью, 8 сарын 7-9 хооронд болдог. Энэ өдрөөс эхлэн намар боллоо гэж үздэг.
-Халуун эгэх буюу Чушү, 8 сарын 22-24-нд болдог. -Цагаан шүүдэр буюу Байлу , 9 сарын 7-9-нд болно.
-Намрын хугас буюу Чьюфэнь, 9 сарын 22-24-нд болно. Энэ өдөр өмнөөс хойших дэлхийн тал бөмбөрцөгт хамгийн урт шөнө болно.
-Хүйтэн шүүдэр буюу Ханьлу, 10 сарын 8-9-нд болно. -Хяруу унах буюу Шуанжьян, 10 сарын 23-24-нд болно.
-Өвлийн уур буюу Лидун, 11-р сарын 7-8-нд болдог. Энэ өдрөөс эхлэн өвөл боллоо гэж үздэг.
-Бага цас буюу Шьяошьүэ, 11 сарын 22-23-нд болно. -Их цас буюу Дашьүэ, 12 сарын 6-8-нд болно.
-Өвлийн туйл буюу Дунжи, 12 сарын 21-23-нд болно. Энэ өдөр нар өвлийн туйлын цэг буюу шар зам дээрх хамгийн өмнөд цэгийг дайран өнгөрнө. Дэлхийн хойд хагаст хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог. -Бага хүйтэн буюу Шьяохань, 1 сарын 5-7-нд болно.
-Их хүйтэн буюу Дахань, 1 сарын 20-21-нд болдог. Энэ үед Хятадад цаг агаар хамгийн хүйтэн байдаг. Эдгээр 24 цаг улирал нь цаг агаарын өөрчлөлт болон тариалангийн цаг хугацааг тооцоолоход чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал, газар хагалах, үр суулгах, үр тариа цаг агаарын эрсдэлд орох, ургац боловсрох, хураах зэрэг бүхий л үйл ажиллагаа нь энэхүү цаг улирлын хуваарилалтад үндэслэдэг байна.
Дэлхий, нар сарны хөдөлгөөнөөс үүдэн энэхүү цаг улирлын эхлэх хугацаа нь 1-3 хоногийн хэлбэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, халуун эгэх улирал нь 8 сарын 22-24-нд эхэлнэ гэдэг нь, дээр хэлсэнчлэн дэлхий болон нарны эргэх хөдөлгөөнөөс шалтгаалан энэ жил 8 сарын 22-нд эхэлсэн бол дараа жил 23-нд гэх мэтээр өөр өөр байдаг. Монгол, Хятад хоёр улс нь газар зүйн хувьд хиллэн оршдог, хятадын газар нутгийн төвийн хэсэгтэй Монгол улс нэг уртрагт оршдог учир дээрх 24 цаг улирлын хуваарь нь Монгол орны цаг уурын байдалтай зарим талаараа тохирдог учир бид ч энэ хуваарийг өөрсдийн ахуй амьдралдаа ашигласаар ирсэн байдаг. Үүнээс ханш гэдэг нь 24 цаг улирлын нэг болох Чьинминий өөр нэр юм.
Хятад хүмүүс эрт үед энэ өдрөөс эхлэн гурав хоног гал гаргалгүй хоол хийж иддэг заншилтай байсан учир хүйтэн хоол гэж бас нэрлэж заншжээ. Гал гаргадаггүй учир хүйтэн зууш маягийн хоол иддэг уламжлалаас үүдэн ийнхүү нэрлэжээ. Чьинмин нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4-6-ны хооронд тохиодог бөгөөд хятад хүмүүс энэ өдөр нас барагсдынхаа шарилыг эргэж булшийг нь цэвэрлэдэг, шороо нэмдэг заншилтай юм байна. Харин энэхүү уламжлал нь Монгол нутагт амьдарч байсан хятад хүмүүсээр дамжин монголчуудад нөлөөлсөн бололтой юм. Монголчууд эртнээс нааш бурхан болоочдоо ихэвчлэн ил тавьж нутаглуулдаг заншилтай байв. Тэр бүү хэл хөдөөлүүлсэн газар луу нь хэсэг хугацаанд очихыг ч цээрлэдэг байжээ.
Харин энэхүү ёс нь хүмүүс нэг доор бөөгнөрөн сууж суурин амьдралд шилжих болсон үед тийм ч тохиромжтой бус байснаас өөрчлөгдөж, газар булдаг болжээ. Энэ ч зөв юм. Монголчууд бусад улсын соёл, ёс заншлаас өөрийншүүлж авсан олон зүйл байдаг. Тухайлбал, Энэтхэгээс гаралтай бурхны шашин, зурхайг Төвдөөр дамжуулан авч өдийг хүртэл итгэж, сүсэглэж ирсэн. Ингэхдээ монгол хүний сэтгэхүй, ёс заншил, газар орны байгаль цаг уурын байдал зэрэгт нарийн тохируулсан учир хэн ч үүнийг харийн юм гэж боддоггүй. Үүнтэй адил бид талийгаачаа газар оршуулах ёсыг хятадуудаас авсан нь зөв боловч яг ханш эхлэх үед булшийг нь эргэдэг ёс биднийх биш юм.
Үүгээрээ талийгаачийнхаа булшийг эргэх нь буруу гэж байгаа хэрэг биш бөгөөд харин энэ нь хаанаас гаралтай ямар учиртай ёс болохыг бид өдий болтол мэддэггүй, мэдэхгүйгээсээ болж харийн заншлыг ёсчлон дагадагийг буруутгаж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр “ханш нээх” гэдэг хэллэг нь ч өөрөө буруу бөгөөд энэ бол “ханш эхлэх” үе юм. Бүр зарим хүмүүс ханш нээх үеэр ичигсэд хөдөлдөг ч гэж ярьдаг. Ичигсэд ханш эхлэхээс өмнө хөдөлдөг бөгөөд энэ үеийг ичигсэд хөдлөх cap гэж тусад нь нэрлэдэг байна. Иймээс бид хятад хүмүүсээс талийгаачийнхаа булшийг хөсөр орхилгүй, хүндэтгэн эргэж тойрдог, арчилдаг тэр заншлаас нь суралцах нь зүйтэй бөгөөд заавал “ханш эхлэх” үед очих шаардлагагүй юм.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Хэл шинжлэлийн сектор”-ын ЭША, доктор (Ph.D) С.Мөнхсайхан