Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казак түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагналаа.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндашийг шагналаа.
Гавьяат багш цолоор
Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,
Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа нарт Монгол Улсын Гавьяат багш цол олгов.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан нарыг шагналаа.
Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханыг
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,
Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,
Гавьяат хуульч цолоор Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэнг шагналаа.
Гавьяат барилгачин цолоор “Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатарыг шагнав.
Мөн Гавьяат эдийн засагч цолоор Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,
Гавьяат мал зүйч цолоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,
Гавьяат холбоочин цолоор Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,
Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар нарыг шагнав.
Хүний гавьяат эмч цолоор Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор П.Н. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг нарыг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.
Мөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболдыг шагнав.
Алтан гадас одонгоор “Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнайг,
Цэргийн гавьяаны одонгоор Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүүг,
Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус, тус шагналаа.
ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮГ ХЭЛЛЭЭ.
Төрийн тэргүүн “Өнөөдөр хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Бахархаж байна.
Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. НҮБ 2010 оноос олон мянган жилийн түүхтэй наурыз баярыг “Олон улсын Наурызын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, ЮНЕСКО “Хүн төрөлхтний халдашгүй соёлын өв”-д бүртгэжээ.
Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох баяр, мөн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ.
Наурыз баярыг улс үндэстний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлгэдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг. Уламжлал, ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа нийт казах түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Монгол Улс хөгжин бадраг.
Мөнх тэнгэр биднийг ивээг. Баярлалаа” гэв.
Эх сурвалж: “Unuudur”.mn