Эмэгтэйчүүдийн баяр хичнээн нижгэр болдог билээ дээ. Хэд хоногийн өмнөөс л худалдааны газрууд гутал, хувцас, чихэр шоколадандаа хямдрал зарлан, чамин боодолтой сарнайн хачин тансаг үнэр хамар цоргиод л тун ч сайхан. Тэгтэл эрчүүдийн баяр дөхөхөд “Умс, гятай” хямдарсан гэх. Сарнай нь хүртэл ээжүүдийнх шиг тансаг, чамин биш, дотуур хувцасаар эсвэл оймсоор “хөөрхөн” сэтгээд хийчихсэн байх. Өнөөхийг нь “Энэ их гоё санаа байна” гэж охид, бүсгүйчүүд дуу нэгтэй дэмжих.
Ерөөс аавууд, хөөрхий эрчүүдийн бэлэг нь хүртэл ийм бүдүүн хатуу. Бэлэгнээс өмнө баярлах эрхтэй үгүй нь бас бүрхэг. “Цэрэгт яваагүй” гэх тодотголоор чимээгүйхэн өнгөрөөж байгаа эрчүүд цөөнгүй. Алба хаасан хэд нь энэ л өдөр тосолж өмссөн бакал, тордож гоёсон дүрэмтээ эргэн санаж, элэг зүрхнээсээ эрхгүй нэг л огшдог. Аав минь гурван жилийн цэргийн алба хаасан даруухан алдраараа онгирох дуртай. Үргэлж биш л дээ, гуравдугаар сарын 18-нд л ингэж баярлана.
“Олон аавын хөвгүүдтэй” гэж яриа дэлгэхээрээ 1970 онд эргээд оччихов уу гэлтэй харц нь золтой, царай нь цогтой болчихно. Аавыгаа ингэж баярлахыг хараад “Аахаан тэгээд…?” хэмээн ярианд нь дэм нэмэхээр тэртээх он жилүүдийн цээжиндээ багтаж ядсан ааг омог нь амтагдах шиг болж, өндөлздөгсөн. Тэгснээ гэв гэнэтхэн будант орчлонгын нугачаанд бууралтсан санчигаа дурамжхан илбээд “Залуу нас сайхан даа” хэмээн санаа алдана. Аав шиг минь эр цэргийн алба хаасан олон эрчүүд энэ өдөр ингэж нэг хөөрдөг байх. Сүүлийн хэдэн жил цэргийн баяраар ажил хэрэг болгож аавдаа очоогүй юмдаг.
Мартаар бол ямар ч ажилтай, завгүй байсан ч ээждээ оччихно. Үгүй бол ээж яваад ирнэ. Харин цэргийн баяраар аав руу утсаар залгаад мэнд хүргэх эсхүл таньдаг хүнээр ганц шил юм дайгаад явуулчихна. Аав дуртайдаа биш л дээ, хүүхэд явуулсан юм гэж нутгийн хүмүүст задлахдаа их хөөрнө. “Өнөө жил бас л очиж чадахгүй нь ээ аав, Дондов ахын хүүгээр шил юм явуулна аа” гэхэд “Нас явахаар шил юманд хөөрхөө байчихдаг бололтой. Охиноо л хармаар байна” гэж байна. Би аавтайгаа нэг их дотно өссөнгүй л дээ. Тиймдээ ч “Охиноо л хармаар” гэх энэ үг хачин дулаан санагдсан.
Аавыгаа ийм үг хэлэх хүртэл нь хүлээлгэчихэж гэж бодохоос дотор хачин болсон. Тэгээд “Очсонгүй гээд аав гомдох биш дээ” гэдэг их л буруу бодол. Цэцэг, чихэргүй ч хүрээд л очвол аав минь хүүхэд шиг баярлана даа гэдгийг ухаарсан. Аавын гэх тодотголтой баяр ээжийнх шиг олон биш дээ. Эр цэргийн баярын өдрөөр аавдаа нэг хүрээд очоорой. Түүнд цэцэг, сарнайн аль нь ч хэрэггүй. Харин түүний оронд “Хайртай шүү” гээд сэтгэл зүрхнээсээ хэлчихвэл “хагартлаа” баярлах биз.
Г.Тэгшсүрэн
1 comment
Сайхан нь дурсамж бичиж дээ .МОНГОЛЫН ЭРЧУУДДЭЭ ЦЭРЭГ ЭРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ