Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, туслах найруулагч, ахлах ахлагч У.Оюунноминтой ярилцлаа.
–Өдрийн мэнд “Сүлд” чуулгынхан одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай чуулгынхан өнгөрсөн онд олон уран бүтээл хийсэн. Үүнийгээ энэ сарын сүүлчээр “Сүлд” чуулгынхан дуулж байна” нэртэй том тоглолт хийхээр туслах найруулагчийн үүрэг гүйцэтгээд явж байна. Тоглолт маань гурван хэсгээс бүрдэж байгаа ч дотроо бас хоёр дэд хэсэгтэй. Урлагийн бүх төрлийг багтаасан тоглолтоо МҮЭСТО-д хийх бодолтой байгаа. Улаанбаатарын хэмжээний нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн болон иргэдэд хийсэн ажлаа сурталчилж, тайлагнана. Танай хамт олныг ч гэсэн бидний тоглолтыг ирж үзэхийг урьж байна.
–Бүжигчин болоход чинь хэн нөлөөлсөн бэ, хэдэн жил ажиллаж байна?
-Би бүжигчнээр 25 жил ажилласан. Сүүлийн жил гаруй хугацаанд бүжгийн багшаар, цагдаагийн “Сүлд” чуулгад 15 жил ажиллаж байна. Олон улсад Монголын өв соёл, гайхамшигтай урлагийн мэдрэмжийг өгдөг болохоор урлагт хэзээ ч арын хаалга байдаггүй. Бид шүүлтэн дунд явдаг. Үүгээрээ бид их бахархдаг. Би I ангиасаа бүжиглэж эхэлсэн. Намайг 15 настай байхад Дундговь аймгийн Хөгжимт драмын театраас бүжигчнээр авъя гэсэн санал ирэхэд ээж минь зөвшөөрснөөр бүжигчин болох гараагаа эхэлж байлаа. Ээж минь социализмын үед оёдолчин, тогооч, заалны зохион байгуулагч, үсчин хийж байсан их авьяастай. Ээжээрээ үргэлж бахархдаг. Одоо ч гэсэн миний ар талыг дааж байна. Би таван хүүхдийн дундах нь. Ээж минь намайг урлагийн хүн болно гэдгийг олж хараад “Миний охин бүжигчин болох хувь заяатай. Чи бүжиглэ” гэснээр бүжигчин болж байлаа. Энэ их хувь заяа, бурханаас өгсөн хишигтээ их баярладаг.
–Тэгэхээр багаасаа бүжиглэдэг байжээ. Урлагийн ямар сургууль төгссөн бэ?
-Би 1982 онд сургуульд орсон цагаасаа бүжиглэж эхэлсэн. Тэр үед хүүхдийн “Яргуй” наадамд оролцдог байсан. Тухайн үед СУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн бүжгийн сургууль байсан ч надад сурах боломж байгаагүй. Амьдралын туршлагаар бүжигчин болсон. Тэр үеийн бүжигчид, багш нар үнэхээр гайхамшигтай хүмүүс байсныг үгээр хэлэхийн аргагүй. Хүнийг сурч боловсруулах, чадварлаг болгох гол суурь нь энэ хүмүүс. Залуу уран бүтээлчдэд бүжиглэх авьяасыг өвлүүлж ажилладаг нь гайхамшигтай байсан. 2008-2010 онд Соёлын дээд сургуулийг бүжгийн дасгалжуулагч багшаар төгссөн.
–Бүжгээ хэнээр заалгадаг байсан бэ. Мэдээж багш байгаа байх?
-Мэргэжлийн байгууллагад орсноос хойш мэргэжлийн багш нартай ажилласан. Дундговь аймгийн Хөгжимт драмын театраас гараагаа эхлээд ХЦДБЧ, “Сарны чулуу”, ЦДБЭЧ-д ажиллаж байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Навчаа, Ганчимэг, Лхамжав, Отгон багшийгаа дурдахгүй байхын аргагүй. Өнөөдөр өдий зэрэгтэй бүжигчин болсон нь багш нарын минь ач буян.
–Яаж яваад цэрэг, цагдаагийн байгууллагатай холбогдсон юм бэ?
-Тухайн үед театруудын чансаагаар бүжигчний мэргэжлийн I-V зэргийн ногоон үнэмлэх олгодог байсан. Би энэ үнэмлэхийг авч мэргэжлийн бүжигчин болсон. 1992 онд ХЦДБЧ-д ажиллаж байхад 1994 онд татан буугдахад цагдаагийн байгууллагад пүрэв генерал байсан. Тэгээд цагдаад урлагийн нэгж зайлшгүй байх шаардлагатай гэж шийдвэрлэснээр 13 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжимтэй “Сүлд” хамтлаг байсан. Ингээд 1995 онд чуулга гэсэн статусыг авч байсан түүхтэй. Түүхээ бодвол цагдаагийн байгууллагын урлаг 80 жилээ хийхээр болсон. Мэргэжлийн урлагийн байгууллага болтлоо өссөн. Үүний 50 жил нь Цагдан сэргийлэх байгууллагын клубээс үүсэлтэй. Эндээс олон Төрийн шагналтан, Ардын жүжигчин төрсөн байдаг.
–Анхны уран бүтээлийнхээ талаар ?
-Ажиллах хугацаандаа 70-аад уран бүтээлийн гоцлолыг хийж байсан. Бүжгийн болон дуулалт жүжгийг тоолж баршгүй. Миний хамгийн хайртай уран бүтээл бол Соёлын тэргүүний ажилтан Баттөрийн дэглэлт “Үнэнч анд”, Д.Сувдмаагийн дэглэлт “Пламинго”, гавьяат жүжигчин Ганчимэгийн дэглэлт “Зарлаагүй дайн” байна. Бүжиг дан ганц биеийн уран налархай хөдөлгөөн биш бүжгийн үйл явдлыг хүмүүст хүргэх, дотоод сэтгэлээсээ дүрдээ орж, гарах нь бидний хувьд хамгийн чухал. Анх сонгодог дасгал, нэгээрээ, хоёроороо зогсоно гэдгийг мэдэхгүй, палк түшээд энэ гайхамшигтай мэргэжлээр хэзээ ч явж чадахгүй юм байна гээд уйлаад сууж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Хөдөлмөрч хүмүүсийн дунд орохоор шантрах зүйлгүйгээр тэднээс гал халуун эрмэлзлэлийг олж харснаар заавал энэ мэргэжлийг эзэмших ёстой, чадна гэж явдаг байсан.
–Та бүжгийн багш, бүжиг дэглээч, туслах найруулагч гэж байна. Энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?
-Хүнд туршлага гэж байдаг. Манай чуулгын дарга, бурхан Л.Гаваасүрэн “Миний охин гайхамшигтай бүжигчин. Одоо чи хүнийг удирдах чадвараараа ажиллаж чадна” гэж хэлснээр энэ албан тушаалыг хашиж байна. Хүнд чадахгүй юм гэж байхгүй. Бие сэтгэлээрээ өөрсдийнхөө мэргэжлийг харуулахаас үг хэллэгээр харуулдаггүй болохоор яриа хэллэг муутай. бичгийн чадвараас авахуулаад компьютер дээр ажиллах орчин, нийгмийн үсрэлтэн дунд суралцаад явж байна. Хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэг. Манайд цомхон боловч чадварлаг залуу уран бүтээлчид бий. Эднийхээ хойч ирээдүй, алба хаагчдынхаа гэгээлэг оюун ухааныг цэнэглэхийн тулд өөрийгөө дайчлахаас аргагүй. Хөгжим бүжгийг дөнгөж төгссөн таван хүүхэд аваад өөрсдийн үндсэн дөрөв, СУИС-ийг төгссөн нэг хүүхэдтэй нийт 10 бүжигчнээ судалж авсан. 17-22 настай шижигнэсэн залуусыг харахаар өдөр бүрийн сургуулилтыг хийлгэхдээ тэдний нүднээс гарч байгаа галыг харахад шантрах сэтгэл байдаггүй.
–Танай чуулгынхан дуулж, бүжиглэхээс гадна соён гэгээрүүлэх ажлыг хийдэг гэсэн?
-“Сүлд” чуулга нь цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд соён гэгээрүүлэх олон талт ажлаар дамжуулан алба хаагчдыг соёл, гоо зүйн мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлэх, стрессийг тайлах, хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг шинэ хуулиар хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу алба хаагчиддаа “Үргэлж таньтай хамтдаа” өдөрлөгийг эхлүүлсэн байгаа. Энэ хүрээнд 2454 албан хаагч, 43 ахмад ажилтан, 65 албан хаагч, тэдний 41 гэр бүлийг алдаршуулж, 15138 иргэнийг сургалтад хамруулсан байна. Танай сониноор дамжуулан цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, “Сүлд” чуулгын хамт олон, Монголын сайхан эрчүүд, мөрдэс нэгт дайчин бүсгүйчүүддээ Монгол цэргийн баярын мэндийг хүргэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин