Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтсан “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчилах өдөрлөг” өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ арга хэмжээ нь Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой юм.
Өдөрлөгт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон юм. Өдөрлөгийг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын орлогч Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрээр “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан үе, үеийн ахмад дайчид, монгол цэргийн түүхэн уламжлалыг нэр төртэйгөөр үргэлжлүүлж буй эх орноо батлан хамгаалж буй зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Батлан хамгаалах бодлого нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.
Тиймээс НЗДТГ энэ салбарынхантай нягт уялдаа, холбоотой ажилладаг. Цаашид олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Одоогоор Монгол Улсын үндсэн хууль , Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу иргэдийн үндсэн үүрэг болох гэрээт болон хугацаат цэргийг албыг биеэр болон мөнгөөр хаах, оюутан цэрэг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна” гэсэн юм.
ГЭРЭЭТ ЦЭРГҮҮД ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ БОЛОМЖТОЙ
Батлан хамгаалахын багц хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан. Уг хуулиудыг нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор НЗДТГ-ын даргын тушаалаар Батлан хамгаалах багц хуулийг сурталчилах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард “Хөдөө аж ахуйн их сургууль”-д батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэлийн талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтад багш, оюутан, ажилчин, алба хаагчдаас бүрдсэн 800 гаруй хүн хамрагдсан байна.
Мөн тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах багц хуулийг сурталчилсан мэдээллийн самбаруудыг нийслэлийн 152 хороонд байрлуулж, 11 байгууллагын 4500 гаруй иргэнд сурталчилгааны ажлыг зохион байгуулж, мэдээлэл өгчээ. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Өмнө нь та заавал цэргийн албанд явах ёстой гэдэг байлаа. Харин Батлан хамгаалахын багц хуулиудын шинэчилсэн найруулгын дагуу гэрээт цэргийн албанд 19-29 насны залуусыг авч байна. Тэд хоёр жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд Засгийн газраас гаргасан цалингийн шатлалын дагуу цалингаа авна. Үүнээс 80 хувь нь хуримтлал болоод явах юм.
Ингэснээр Батлан хамгаалах салбар ажлын байр бий болгодог болж хувирч байгаа юм. Мөн цэргийн алба хаах хэд хэдэн хэлбэрүүдийг бий болголоо. Жишээ нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс “Оюутан цэрэг сургалт” зохион байгуулах болсон” гэв. БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж “Батлан хамгаалахын багц хууль 2016 онд анх батлагдсан. Үүнд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчин, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиуд шинээр батлагдсан юм.
Ялангуяа иргэдтэй холбоотой хуулиуд түлхүү багтсан. Мөн 2018 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулгад өөрчлөлт орно. Энэ нь хүүхдүүдэд багаас нь эх оронч үзэл суулгах зорилготой юм. Мөн цэргийн насны залуучууд албаа хааснаар төрийн албанд ажиллах эрхзүйн орчин бүрдсэн. Энэ багц хуулийн бодлогын чанартай нэг өөрчлөлт нь бүх нийтийн оролцоонд тулгуурлаж, батлан хамгаалах аюулгүй байдлын бодлогоо явуулах болно гэж заасан. Энэ нь эх орноо хамгаалах үйлсэд бүх нийт оролцох ёстой гэсэн утгатай юм” гэв.