АНУ- ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Netflix” компанитай хамтран телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөхөөр болоод байгааг “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албан үүргээ шилжүүлснийхээ дараа улс төрөөс бүрмөсөн хөндийрнө гэж Америкийн хэвлэлүүд таамаглаж байсан. Тэгвэл Барак Обама Цагаан ордныг орхисон ч нийгмийн шударга ёсыг дэмжих, залуучуудад боломж олгох, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, гэмт хэрэг, хуулийн шинэчлэлт, цагаачлал, галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ажлуудад илүү анхаарч ажиллахаа мэдэгджээ.
Түүний шоу нэвтрүүлэгт улстөрчдөөс гадна иргэний эрх, эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон тэмцэгчид оролцон нийгмийн тулгамдсан сэдвээр санал бодлоо хуваалцах юм.
Сонирхуулхад, АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч Цагаан ордныг орхисныхоо дараа ном бичиж хэвлэлтэд гаргадаг бичигдээгүй хууль хэдийнэ тогтжээ. Тухайлбал, Билл Клинтон “Миний амьдрал” хэмээх намтраа, Жорж Буш “Асуудлыг шийдвэрлэхүй” улс төрийн номоо бичиж байсан бол Гарри Трумэн, Дуайт Эйзенхауэр, Линдон Жонсон, Ричард Никсон, Жералд Форд, Жимми Картер, Роналд Рейган нар дурсамж номоо бичсэн байна.