Монгол гэсэн нэгэн нэр
Мянга мянган жилийн тэртээгээс Монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг Монголчууд, Монголчууд, персэжсэн Монголчууд, түрэгжсэн Монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмэнтэй холилдох, уусах явдал их байлаа. Ийнхүү өдгөөгийн Хазара гэх Монгол туургатан ард түмэн үүссэн гэж эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Их Монголчуудын Могул гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов. Тэд өөрсдийн гэсэн Хазара Жат улстай байсан бөгөөд XIX зууны эцсээр мөхжээ. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазара хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудын нэгийг үйлдсэн юм.
Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ. Хазаруудыг тийнхүү хядсан нь Монгол цусаар нь ялгаварлан гадуурхах, одоо хүртэл үргэлжилж байгаа гадуурхах бодлогын эхлэл байлаа. Абдуррахманы их халдлагын дараа хазарууд ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан.
Хазарууд энэ байдпыг эсэргүүцэн 1950-иад онд боссон ч, нухчигдан дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ. Мөн 1990-ээд онд Хазарын гарамгай удирдагч Баба Мазар үндэстнийхээ төлөө босч тэмцсэн ч түүх давтагдаж, Баба Мазарыг нисдэг тэрэгнээс шидэн хороож, хазаруудыг олноор нь хядсан байдаг.
Талибууд Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазар и Шарифд 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауданад олноор нь хазар хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байв. 2001 онд Афганистанд талибийн дэглэм түлхэн унагагдсан ч харгислал үргэлжилсээр. Паштуны күчи ястныхан хазарууд руу зэвсэглэн довтолсон нь нэг жишээ. Афганистанд байгаа үндэстэн бүрийн олонх нь хилийн чанадад байдаг.
Хилийн чанадын ах дүүс нь Афганистан дахь элэг нэгтнүүддээ байнга, бүх талын, өргөн хэмжээний тусламж үзүүлж байдаг аж. Хазара бол Монголд элэгтэй зон мөн. Афганистанд харин Монголын талаар хэлж ярих нь аюултай, хориотой байдаг тал бий. Тэгэх л юм бол “Монгол руугаа тонил!” гэж хөөж тууна, өсөрхөнө, алж хядна. Хазарууд өөрсдийгөө Монгол цустай гэж болдоггүй, бусад үндэстэн тэгж хэлж дайрч давшилж болдог. Афганистанаас өөр оронд байгаа хазарууд бол өөрсдийгөө хазар Монгол гэж нэрлэж, Чингис буюу Чангэзи гэх овог авч, манай улсыг аугаа Монгол гэж хэлж, түүхэн эх орноо гэж үзэж, очихсон гэж мөрөөдөж, биднийг нэг нутгийнхан буюу кавма (цаадта) гэж дотночилж, үнэн сэтгэл санаагаа илэрхийлж байдаг.
Хэл: Хазара хэл нь хэл судлаачдын хувьд үнэлж баршгүй олз бөгөөд хазара хэлнээс л эртний Монгол хэл, аялгыг сонсож болох боломж байж болох юм. Тэд дари хэлээр ярьдаг.
Шашин: Хазаруудын ихэнх нь лалын шашны Шиа урсгалыг шүтдэг бөгөөд энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстний шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Паштун нар Хазаруудыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазарууд буруу шашинтай “шиа” нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг гэнэ.
Газар нутаг: 1880-аад оныг хүртэл Хазарууд Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Паштунуудад газар нутгийнхаа ихэнхийг алдаж өөрсдөө Афганистаны уулархаг, үржил шим муутай газар руу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Паштун үндэстнүүд Хазаруудын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдрийн байдлаар Паштуны Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж зарим нэгэн хэсгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.
Хүн ам: Хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9 хувь гэгддэг байсан боловч яг үнэндээ 16- 25 хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазар и Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүд гээд овгийн нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг. Хэл, угсаатны зүй судлаачдын хувьд мащ сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури зэрэг олон овог аймгийн талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай. Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазаруудтай нэг төрөл болох Аймаг (Aimag), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай гэж тооцогддог хүмүүс бас байдаг аж.
Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890- ээд онд Паштун Хазарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Паштун нар Хазаруудын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй өөр, өөр нэрээр дуудах болсонтой холбоотой гэнэ. Юутай ч судлаачдын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дахь Ил хааны хэмээх Толуйн хүү Хүлэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой. “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, Төрийн соёрхолт, судлаач Ц.Санчир нь дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын талаар томоохон судалгааны ажил явуулсан байдаг.
Түүний “Жахангүшейн замаар” аян замын тэмдэглэлд дурьдсанаар Хазара Монголчууд эх нутагтаа буюу ар Монголдоо очин суурьшихыг ихэд хүсдэг. Хазара Монголчуудын түүх өвөрмөц. Тэд Чингис хаан мянган морьтоноо үлдээсэн.
Хазара гэдэг нь мянган морьтон гэсэн үг. Хазаруудын дайн байлдаан, дотоодын үймээн самуунд амьдарч байгаа хүмүүсийн хувьд Афганы бусад үндэстнүүдээс ялгараад байж болохгүй учир хувцас хэрэглэл, шашин шүтлэгийн хувьд бусад Монголоос өөр. Дайн байлдаан гэдэг ийм аюултай. Хэрэв энх цагт амьдарч ирсэн бол Монгол уламжлалаа илүү авч үлдэх байсан. Исламууд нүд хөмсөг сайтай, сахал үс болсон хүмүүс бол хазара хүмүүс хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай хүмүүс байдаг. Энэ мэт бүх Монгол угсаатан өнөөдөр өөрийн дүр төрхөө бахархалтайгаар авч үлдэж чадсан байна.
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/easy-page/88495
2 comments
Эд нар чинь монголчуудтай ямар ч хамаагүй үндэстэн. Манай эрдэмтэн нэртэй тэнэгүүд ийм ч үндэстэн монгол гаралтай, тийм ч улс монгол цустай гэж санааны зоргоор солиорч эцэс сүүлд нь баахан мусулман шашинтай хүмүүсээр Монголыг дүүргэх нь. Ийм хүмүүст зохих ялыг нь оноох хэрэгтэй.
chi dut haana irii geed baigaan irsen ch gert chin amidrah gee u