Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын III долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ. Өмнөх долоо хоногтой харьцуулхад үхрийн мах 50 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин хонины махны үнэ буурчээ.
Махны дундаж үнэ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7785 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.0 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин байцаа 14.3 хувиар буюу 245 төгрөгөөр өсчээ.