БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг музейн өдөр болгож иргэдэд үнэ төлбөргүй үзэх боломж олгосон билээ.Үүнийг зөв шийдвэр болсныг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг музейнүүдийн гадна дугаарлан зогсч буй иргэдийн дүр төрх илтгэж байна. Харамсалтай нь, музейн ажилтнуудын харилцаа муу байсан нь иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүлжээ. Иргэд үзмэр үнэ төлбөргүй боллоо гээд үйлчилгээ муу байж болохгүй талаар ярилцахыг олонтаа сонсов.
Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ монгол орны ховор нандин үзмэрүүдтэй танилцуулж, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхийн тулд цаг заваа зориулан музейг зорин очиход хаалттай байх тохиолдол цөөнгүй гарчээ. Тэр дундаа Байгалийн түүхийн музейг үзэхээр очсон иргэдийн хувьд цоожтой хаалга мөргөж, урам нь хугарсан байна.
Энэ тухай цахим ертөнцөд нэлээд маргаан өрнөсөн байлаа. “Музейг долоо хоног үнэгүй болгосон чинь Монголын урлаг сөнөлөө”, “Урлаг үнэгүйдлээ”, “Үнэгүй үзэхээсээ ичээч” гэх зэрэг сөрөг сэтгэгдэл цахим ертөнцөд нийтлэгджээ. Үүний эсрэг нөхцөл байдлыг эерэгээр харах нэгэн ч байна. Ухнаагийн Пүрэвжав хэмээх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Яахав, магадгүй энэ зөв үйлдэл байж болох талаас нь өөдрөгөөр хар л даа. Монголд музей байдгийг ч мэдэхгүй хүүхдүүд зөндөө. Үзэх боломжгүй багачууд ч нэлээдгүй. Тэр үзсэн хүн хүүхдүүд дараа мөнгөө төлөөд дахиад үзэх сонирхолтой болно. Үзэж амжаагүй хэсэг нь найзуудаасаа сонсоод аав, ээжийгээ музей үзье гэж шална. Ойрын хэдэн жил дүүрээгүйгээр музейнүүд маань хөл ихтэй гоё л байна шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Энэ бол музейг төлбөргүй үзэх болсон анхны жилийн сэтгэгдлүүд. Эхний жил учраас музейн ажилтнууд ч туршлагагүйдэж, үйлчилгээ муухан байсан байж болно. Гэхдээ ирэх жил тэд үйлчилгээгээ чанаржуулж иргэддээ чин сэтгэлээсээ үзмэрүүдээ соёлтой тайлбарлан таниулах бизээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин