Орхон аймагтай зэргэлдээ орших Булган аймгийн Бугат, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс Булган аймгийн төвөөс Төлүүгийн даваа хүртэл голомтын бүс тогтоожээ. Иймд иргэдийг тус сумын нутгаар зорчихгүй байх, зорчсон тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.
Мөн дээр дурдсан хэсгүүдэд оршин суудаг малчид Эрдэнэтээс такси дуудаж манай аймагт зорчиж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймд аймгийн Цагдаагийн газраас энэ чиглэлд тавих хяналтаа сайжруулах үүргийг аймгийн Засаг дарга өглөө.
Түүнээс гадна энэ сарын 15-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тус сумын голомтын бүсэд 127 өрхийн 2100 орчим толгой мал нутаглаж буй. Эдгээр малыг бүрэн вакцинжуулж дуусаад байгаа талаар Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ. Мөн Баян-Өндөр суманд нутаглаж буй малыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх долоо хоногийн баасан гарагт бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Орхон аймаг, Эрдэнэт хот