Өдөр нь энгийн хүүхдүүд боловч шөнө тэдний биед өөрчлөлт гардаг

Ах дүү Абдул Рашид, Шойаб Ахмед нар Пакистанд амьдардаг. Абдул 9 настай бол ах нь 13 настай. Хөвгүүд нэгэн тааварлашгүй, ховор төрлийн өвчнөөр шаналж байна. Тэд өдрийн цагаар энгийн л хүүхдүүд шиг боловч шөнө огт өөр байдаг гэнэ.

Нарийн дэлгэрүүлбэл нар шингэмэгц хүүхдүүд ухаангүй болдог байна. Зүгээр ч нэг унтах биш, комын байдалд ордог бөгөөд эргэн тойронд юу болж байгааг сонсдог ч ярьж чаддаггүй гэнэ.

Хөвгүүдийн аав тэднийг “нарын хүүхдүүд” гэдэг бөгөөд хүүхдүүдээ өдрийн гэрлээс эрч хүчээ авдаг байх гэж үздэг байна. Гайхалтай нь өдрийн цагаар хөвгүүд энгийн хүүхдүүд шиг л байдаг аж. Тэд өдрийн цагаар харанхуй өрөөнд тоглосон ч яах ч үгүй. Бороотой, бүрхэг өдөр ч ямар нэгэн өөрчлөлтөд ордоггүй.

Пакистаны Анагаах ухааны хүрээлэнгийн анагаах ухааны доктор Жавед Акрам энэхүү хачирхалтай үзэгдлийг судалж байна. Тэрбээр “Бид яг юу болоод байгааг тогтоохыг өөрсдийнхөө үүрэг гэж бодож байна. Манай мэргэжилтнүүд олон янзын судалгаа, шинжилгээ хийж, энэ хөвгүүд өдөр яагаад идэвхтэй байдаг, харин шөнө болохоор эрч хүчээ бүрэн алддагийг ойлгох гэж оролдсон. Хөвгүүд шөнө нүдээ ч нээж чадахгүй болдог” гэжээ.

Хөвгүүдийн эцэг Мохаммед Хашим сэтгэлээр ихэд унаж, хүүхдүүдийг нь юу зовоогоод байгааг олж чадахгүйгээ ихэд шаналж байгаа гэнэ. Тэрбээр сүсэг бишрэлтэй нэгэн болохоор хөвгүүдэд нь хэн нэгэн хараал хүргэсэн гэдэгт итгэдэг ажээ. Тиймээс ч тэрбээр эмч домч, мэргэч төлөгч бүхэн дээр очиж, энэ хараалыг тайлахаар ихэд зүтгэж байна.

Ах дүү хоёр 300 орчим судалгаа шинжилгээнд хамрагдсан боловч энэхүү хачирхалтай үзэгдлийн шалтгааныг нэг нь ч тайлж чадсангүй. Гэхдээ эмч нар үүнийг цус ойртсоноос үүдэлтэй генийн үзэгдэл байж болзошгүй гэж үзжээ. Учир нь хөвгүүдийн аав ээж нь үеэлүүд. Тэднийх зургаан хүүхэдтэй байсан бөгөөд хоёр нь бага насандаа энджээ. Хөвгүүд хоёр эгчтэй ч азаар тэд ийм хачин өвчинд нэрвэгдээгүй гэнэ.

“Нарны хөвгүүд”-ийн асуудал дэлхий нийтийн анагаахынхны толгойг гашилгаж байна. Одоохондоо эмч нар курс эмчилгээ хийж, хөвгүүдийг шөнө болоход л бүрэн ухаангүй болгочихолгүй байлгаж байна.

Өдгөө ах дүү хоёр оройн 10 цаг хүртэл идэвхтэй байж чаддаг болжээ. Тэдний хувьд өмнө нь нар шингэхэд л ухаан алдчихдаг байв.

Хэдийгээр Абдул, Шойаб нар хачирхалтай өвчтэй ч бусдаараа бол дэггүй, зүггүй энгийн л хүүхдүүд. Тэд эмч нарын анхаарал хандуулдагт маш их дуртай байдаг бөгөөд амттай хоол хүнс өгдөг, хэвлэлүүд тэдэнд анхаардагт дуртай байдаг гэнэ.

Ах дүү хоёрын ах нь том болоод сургуулийн багш болно гэсэн бол Абдул шашны боловсролоо үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

 

One thought on “Өдөр нь энгийн хүүхдүүд боловч шөнө тэдний биед өөрчлөлт гардаг

  1. lol 2019-05-03 13:27 at 13:27

    fake news

    Хариулах

lol-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн