УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар тэнгэрийн орноо заларсан гэх харамсалтай мэдээ байна.
Найруулагч Б.Баатар 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” зэрэг олон бүтээл тайзнаа амилуулж, театрын уран санг баяжуулхад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг Найруулагч мэргэжлээр төгсжээ. 60 ч хүрэлгүй өөд болсон театрын их хүмүүний төлөө өнөөдөр монголын урлагийн ертөнцийхөн төдийгүй түүний найруулсан гайхамшигт жүжгүүдийг амьсгаа даран үзэн суудаг үнэнч шүтэн бишрэгчид нь уй гашуудлаа илэрхийлсээр байна.