Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн нэр төрд удаа дараа халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эсрэг гомдлыг шүүхэд гаргахаар болсоноо энэ сарын 13-нд ил захидал илгээсэн.УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө Ж.Батзандан гишүүн “Жаст”-ын Ш.Батхүү нар ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж, баталгаа гаргахад тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан С.Баярын оролцоо байсан. Хариуцлагаа хүлээх ёстой, хорих ёстой. Энэ бол мөнгө угаалтын хэлбэр гэж мэдэгдсэн юм.
Сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандаж захидлаар “Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…” гэсэн юм. Түүний захидалын хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11:00 цагаас хариу тайлбар өгөхөөр болжээ.