Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал төслийн гол зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.
“Сити-тур” хот болон хот орчмын автобустай аяллаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.
“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.
Хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Отгонбаяр “Соёл урлагийн газраас гаргасан Улаанбаатар хотын заавал үзэх 20 газар гэдгийг аяллынхаа хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотыг бүхлээр харж болохоор өндөрлөг газруудыг мөн оруулах нь зөв. “Сити-тур” аяллын автобус бол томоохон нийслэл хотод зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ ажлыг эхлүүлнэ” хэмээгээд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг, чиглэлийг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.