2018 оны эхээр дэлхий дахинд цахилгаан автомашины тоо 3,2 сая болж нэмэгджээ. Энэ талаар Баден-Вюртембергийн Нарны эрчим хүч, устөрөгчийн судалгааны төвийн бэлтгэсэн тайлан харуулж байна.
Үүнээс зөвхөн Хятадад л гэхэд 1,2 сая машин тоологдсон бол АНУ-д 750 000 байгаа гэнэ. Герман улс 93 000 машинтайгаар наймдугаарт жагсаж байна. Өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн цахилгаан машины тоо 1,2 сая байсан нь шинэ дээд амжилт юм. Судлаачдын хэлж буйгаар ялангуяа Хятадын BYD, BAIC үйлдвэрийн машин ихээр бүртгүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд барууны хамгийн алдартай үйлдвэрлэгч Tesla-гийн 86 700 ширхэг машин шинээр бүртгэгдсэн аж. Харин BMW 4, VW 5 дугаар байр эзэлжээ.
Жил бүр бүртгүүлэх цахилгаан машины тоо 2025 онд 25 сая гаруй болно
2017 онд шинээр бүртгүүлсэн цахилгаан автомашины тоо өмнөх жилүүдийнхээсээ 55%-иар өсчээ. “Хэрвээ энэ байдлаар цаашид үргэлжилбэл жил бүр бүртгүүлэх цахилгаан автомашины тоо 2025 он гэхэд 25 гаруй сая болно” гэж Баден-Вюртембергийн Нарны эрчим хүч, устөрөгчийн судалгааны төвийн зөвлөлийн гишүүн, электрон химийн цахилгаан техонлогийн хэлтсийн дарга Вернер Тильмец мэдэгджээ. Энэ мэдэгдэл долоон жилийн хугацаанд нийт үйлдвэрлэлийнхээ 25%-ийг цахилгаан автомашин болгон өөрчилсөн авто үйлдвэрлэгчдийн таамаглалтай нийцэж байгаа юм.
Харин олон улсын байдалтай харьцуулахад Германы цахилгаан автомашины үйлдвэрлэл тийм ч сайн биш байгаа юм. Гэхдээ 2016-2017 онд цахилгаан тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 92 740 нэгж болжээ.
Дэлхийн тоглогчид
Дэлхий дахинд цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ хамгийн амжилттай яваа компаниудын тоонд Хятадын BYD буюу Build Your Dreams, BAIC буюу Бээжингийн автомашины үйлдвэрлэлийн холдинг орж байна. Эдгээр компани тус бүр 2017 онд 100 000 орчим машин шинээр бүртгүүлжээ. Харин 3 дугаарт Tesla 86 770 машин бүртгүүлснээр бичигдэж байна. Германы BMW 67 940 машинаар 4-т, VW 52 250 машинаар 5-д багтжээ.
Зөвхөн цахилгаан хөдөлгүүрт машиныг тооцсон
Баден-Вюртембергийн Нарны эрчим хүч, устөрөгчийн судалгааны төвийн судалгаанд зөвхөн цахилгаанаар цэнэглэгддэг автомашиныг л тооцсон. Харин Hybrid, хагас Hybris, түүнчлэн өөр түлшээр ажилладаг машинуудыг тооцоогүй байна.
1 comment
Хятадын цахилгаан машинууд хэдэн цаг цэнэглэдэг болох, нэг удаагийн цэнэгээрээ хэдэн км явдаг болох, моторын хүчин чадал хэд болох ямар үнэтэй бол гээд мэддэг хүн байвал хэлээд өгөөч