Иргэд болгоомжгүй санамсаргүй байдлаас болж галын аюул гаргах тохиолдол гардаг. Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарсныг ОБЕГ-ын баг шуурхай ажиллан унтраажээ.
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан гурван цаг ажиллаж,
- Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 10 минут ажиллаж,
- Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан очиж 20 минут ажиллаж,
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан очиж, 20 минутын хугацаанд тус тус унтраасан байна.
Галд өртөх, утаанд угаартахаас хамгаалж хамгийн түрүүнд авах арга хэмжээ юу байдаг талаар ОБЕГ-аас дараах зөвлөмжийг өглөө.
- Дуудлага өг. /102, 105/ Айл хөршөөсөө тусламж хүс
- Хүүхэд хөгшид болон бусад хүмүүсийг нэн даруй гадагш аюулгүй газарт гарга
- Цахилгаан болон хийн шинээр галын голомт бий болгох хэрэгслийг яаралтай салгаж галаас холдуулах.
- Хэрэв та шатаж байвал сандарч гүйж болохгүй, хувцасаа хурдан тайлах, шороон дээр хөрвөөх, ус цацах аргаар галыг унтраах ”ЗОГС-ХЭВТ-ӨНХӨР” дүрмийн дагуу газар өнхөрч эсвэл брезент бүлээлэг нөмөрч галыг унтраах
- Галыг гарын доорх материалыг /гал унтраагуур, норгосон хатуу зузаан даавуу, ус, элс, шороо гэх мэт/ ашиглан унтраах
- Галын хэмжээ ихэсч утаагаар дүүрвэл галыг унтраах гэсэн оролдлогоо шууд зогсоон, өрөө байрнаас гарч цонх хаалгыг хаах
- Гэр шатаж байгаа бол бүслүүрийг тайлж гэрийг яаралтай нураагаад доторх эд хогшлын аврах арга хэмжээ авах
- Гал унтраах машины ирэх замыг чөлөөлж гал гарсан газарт очих замыг заах
- Гал унтраах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг угтаж, галын голомт хаана байгааг тодорхой хэлж, байранд хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх
- Ялгарч буй утаа, хорт хийнд хордохгүйн тулд унтраах ажиллагаанд оролцохгүй байгаа хүмүүсийг нэн даруй аюулгүй газарт гаргаж, норгосон алчуурыг ашиглан амьсгалах.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар