АНУ-ын Флорида мужийн Парклэнд хотод “Stoneman Douglas High School”-д аймшигт хэрэг гарчээ. Эхлээд халдлага үйлдэгч этгээд галын дохиоллыг дуугаргаж, сургуулийн сурагчид, багш ажилчдыг сандаргасан байна. Ингээд дараа нь гүйлдэж буй хүмүүс рүү гал нээжээ.
Хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр гэмт этгээд нь автомат винтов буу, маш их хэмжээний сумны нөөцтэй байсан гэнэ. Гэмт этгээд гудамжинд гурван хүнийг хөнөөсөн байна. Дараа нь сургуулийн байр руу орж, 12 хүнийг бууджээ. Мөн хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ.
Амиа алдагсдын дунд сургуулийн сурагчдаас гадна томчууд ч байсан гэнэ. Одоогоор багш, эцэг эхчүүдийн хэн нь болох нь тогтоогдоогүй байна.
Америкийн хэвлэлүүдээр халдлага үйлдсэн этгээдийг 19 настай, тус сургуульд сурч байсан Николас Круз гэж мэдээлсэн байна. Үүнийг ч цагдаагийн албан эх сурвалж баталсан бөгөөд Крузыг баривчилсан гэжээ. Үндэсний телевизээр үзүүлсэн бичлэг дээрээс түргэн тусламжийнхан шархадсан хүмүүсийг зөөж, сургуулиас сурагчдыг гаргаж байгааг харуулжээ.
Сургуультай ойролцоо орших байр, сууцны айлуудыг гэрээс гарахгүй байхыг уриалсан байна. Гэмт этгээд нь “Залуу нөөцийнхнийг бэлтгэх холбооны хөтөлбөрийн оролцогч” гэдгээрээ цагдаагийнханд танил болсон нэгэн байжээ.
Круз дунд сургуулиас “хэв журам зөрчсөн” хэмээн хасагдаж байсан нэгэн гэнэ.