Өмнөд Солонгос улс Пёнчаны Олимпийг тохиолдуулан БНАСАУ-аас төлөөлөгчид хүлээн авахад 2 тэрбум гаруй вон буюу 1,8 сая доллар зарцуулжээ. Энэ талаар БНСУ-ын Нэгдэх яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Үүнээс өмнөхөн Сөүлийн засаг захиргаа 1,1 сая долларыг тусад нь зарцуулсан гэж мэдэгдэж байсан. Энэ мөнгө нь хойдуудтай хамтран хийсэн соёлын арга хэмжээнд зарцуулагджээ. Олимптой холбоотойгоор хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаа нь Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу урсах мөнгөн хэмжээг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн есдүгээр сард Сөүл ЮНИСЕФ, Дэлхийн хүнсний сангийн шугамаар дамжуулан Пхеньянд 8 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж амласан билээ.
БНСУ-ын Нэгдэх яамны мэдээлснээр өнөөдөр тус яаманд Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбоотой гарах зардлыг төлөх “ногоон гэрэл” болох уулзалт болох юм байна.
01 дүгээр сарын 20-нд Лозанна хотод БНСУ, БНАСАУ, Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид уулзах үеэрээ наадмын зохион байгуулах хороо, ОУОХ Хойд Солонгосын Үндэсний олимпийн хорооны гишүүд болох 67 хүний л зардлыг даана гэж тохиролцсон. Гэтэл Хойд Солонгосоос олимп зохион байгуулж буй улсад 550 орчим хүн ирсэн байна.
Тэдний 140 нь БНАСАУ-ын хөгжмийн ансамблийн гишүүд бөгөөд Каннын, Сөүлд нэг тоглолт үзүүлсэн байна. Эхний хотод жүжигчид усан онгоцон дээрээ хоноглож, хэмнэж чадсан бол Сөүлд тэднийг хүлээн авах зардалд хотын төсвөөс 600 сая вон буюу 553 мянган доллар гаргажээ.
Үүнээс гадна таэквондогийн багийнхны хамтарсан тоглолт, Корё улсын үеийн түүхэн баримтуудын хамтарсан үзэсэгэлэн зохион байгуулах зэрэг 1,2 тэрбум вон буюу 1,1 сая доллар зарцуулсан байна. Энэ мөнгийг Өмнөд Солонгосын нийслэлийн засаг захиргаанаас 2004 онд нээсэн сангийнхан гаргажээ.
Тэгвэл 03 дугаар сард болох Паралимпийн тоглолтод оролцох БНАСАУ-ын төлөөлөгчдийн зардлыг Сөүл тусад нь хэлэлцэх юм байна.