XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон (шар) нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч уулзан үнэтэй үг, захиа даалгаврыг нь сонсдог сайхан уламжлал тогтсоныг УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ онцлоод “Улиран одож буй алтан унжлагат хэмээх тахиа жил монголчуудын улс төрийн хувьд ээдрээтэй, маргаантай байсан ч гэлээ эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих талаар тодорхой үр дүнд хүрсэн он жилүүд болсон. Улсын Их Хурлаас 2017 онд Ахмад настны хуулийг шинэчлэн баталж, 65-аас дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа насны хишиг олгохоор шийдвэрлэсэн. Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан төрийн түшээдийг алдар цолтой ахмадын эгнээнд бүртгэж, сар бүр 150 мянган төгрөгийн урамшуулал, тэтгэмж олгохоор болсон.
УИХ-ын даргын хувьд саяхан захирамж гаргаж, УИХ-ын Тамгын газрын ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх “Ахмадын сан” байгуулах талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Энэ санг байгуулж, УИХ-д ажиллаж байсан ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэдэнд үндэсний их баяр наадмаар тодорхой хэмжээний урамшуулал, шагнал олгож байх, урт удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ахмадууддаа эмчилгээний зардал олгож байх зэрэг тодорхой асуудлыг шийдвэрлэнэ. Ирж буй XVII жарны шар нохой жил ивээл буянаа өгсөн, сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ахмадууддаа эрүүл энх байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөж, гарын бэлэг гардуулав.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан Д.Мөнхөө үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьж, тусалж, дэмждэг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархаж явдгаа илэрхийллээ. Мөн эх орны ирээдүй болсон иргэд, гэр бүлийнхээ асуудалд нэг цонхоор харсан төрийн бодлого явуулж, бүтцийн нэгж байгууллагыг бий болгоход анхаарч ажиллахыг онцлов.
Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин